Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг мягмар гарагийн орой Авлигатай тэмцэх газар түр саатуулсан талаарх мэдээллийг баттай эх сурвалжууд өгч эхэллээ.
“Оюу Толгой”-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн гэрээ буюу Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар, "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан зэрэг асуудлаар тэднийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт дуудах хуудас хүргүүлсэн талаар өмнө нь Авлигатай тэмцэх газар мэдээлж байсан юм. Харин экс Ерөнхий сайд нарыг түр саатуулсан эсэх талаар Авлигатай тэмцэх газар болон бусад холбогдох байгууллагууд албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас дөрөвдүгээр сарын нэгэнд “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан юм. Улмаар тэднийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Авлигатай тэмцэх газрын хүсэлтийн дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргаад байгаа юм.
Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” группийн хувьцааны ханш 2.19 хувиар өсөж, 77.05 австрали доллар болсноор лхагва гарагийн арилжааг эхэллээ. Харин Торонтогийн Хөрөнгийн биржид “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш мягмар гарагт 4.59 хувиар өсөж, 3.87 канад доллар болж хаагджээ. Харин өмнө нь Сангийн сайд асан С.Баярцогт нарыг баривчилсны дараа хувьцааны ханш нь хоёр орчим хувиар буурч байсан юм.