МАХН-ын дарга Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "М.Энхболд бол сахал Д.Эрдэнэбилэгийн гарын хүн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцаан авах хэрэгтэй. “Саус Гоби Сэндс”-ийн ард “сахал” Эрдэнэбилэг байдаг нь үнэн. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэн “Монголын төрийн томилгоог Сингапурт очиж хийдэг” гэдэг үнэн шүү дээ. Түүнийх нь золиос болсон хүн нь бий. Зөвхөн М.Энхболдыг өөрчлөөд тайвширна гэж байхгүй. Эдийн засгийн сууриар нь өөрчлөхгүйгээр МАНАН устахгүй. Улсыг хохиролгүй болгож байж МАНАН-г устгана. Намрын чуулган ерөөсөө хуралдсангүй. Тийм учраас чуулганыг завсарлуулах хэрэг байхгүй. УИХ, Засгийн газрын шийдвэр гарахад болно. “Эрдэнэт”-ийн 49%-ийг 24 настай охины нэр дээр шилжүүлэх гэж байгаа нь үнэн, тиймээс цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна" гэв.
УИХ, Засгийн газарт Сануулан шаардах бичиг бүрэн эхээрээ:
Сүүлийн үед төр засгийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаа доголдон тасалдаж, олон түмний дунд нэр нүүрээ алдсан МАН+АН-ыг арилган устгах тэмцэл ширүүсэж, ард иргэдийн бухимдал дээд цэгтээ туллаа
Энэхүү Сануулан шаардах бичигт нэгдэн гарын үсгээ зурсан улс төрийн намууд олон жилийн өмнө “Стандарт бус Засгийн газар” нэртэйгээр МАН+АН хэмээх хууль бус аюулт үзэгдэл үүссэнийг олон түмэнд анхааруулан сэрэмжлүүлж, түүний эсрэг тууштай тэмцэж ирснийг сануулах нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.
МАН+АН хэмээх аюултай үзэгдэлтэй тэмцэх нь амаргүй бөгөөд амь бөхтэй оршсоор байгаа энэхүү бүтцийг устган арилгахын тулд нэг, хоёр хүнийг албан тушаалаас нь өөрчилснөөр тайвширч болохгүй. Тэгвээс олон түмний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй гэдгийг анхааруулж байна.
Тийм учир энэхүү Сануулан шаардах бичигт гарын үсэг зурсан улс төрийн намууд МАН+АН хэмээх аюулт үзэгдлийг устган арилгах тэмцэл талаар болох бодит аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул шударга ёсыг ус агаар мэт хүсэн хүлээж байгаа ард түмэн өнгөрсөн жилүүдэд МАН+АН-гийн тарьсан балагийн хор хохирлыг богино хугацаанд арилгах ажлыг цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлэхийг одоогийн эрх баригчдаас шаардаж байгаатай санал нэгдэн дэмжиж, өнөөгийн УИХ, Засгийн газарт дараах асуудлыг сануулж. тэдгээрийг нэн даруй шийдвэрлэхийг хариуцлагатайгаар шаардаж байна. Үүнд:
1. “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн 51 хувийг барьцаалан хууль бус аргаар их хэмжээний зээл аван завшиж, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.
2. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бус аргаар авч луйвардсан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, улсын мэдэлд авах.
3. Төмөртэй, Хустай, Баянголын төмрийн хүдрийн ордууд, Таван толгойн коксжих нүүрсний ордын хувийн болон орон нутгийн өмчид байгаа бэсрэг Ордууд, Цагаан суваргын зэсийн орд, Хөвсгөлийн фосфоритын орд, Шивээ овоогийн нүүрсний орд зэрэг улсын төсвөөр хайгуул хийн олж тогтоосон ашигт малтмалын ордуудыг төрийн өмчид шилжүүлэн авч ард түмний мэдэлд өгөх.
4. Монгол Улсын түүх, соёлын салшгүй чухал хэсэг болох өвөг дээдсийн маань булш бунхан байрлаж буй Ноён уулын лицензийг цуцлан, тэнд ашигт малтмалын олборлолт явуулахыг хориглох
5. Монголын талд ашиггүй “Оюу толгой”-н ХОГ-г хүчингүй болгож, тус ордыг ард түмний мэдэлд өгөх,
6. ‘Үнэ тогтворжуулах хөтөлбөр’-ийн нэрээр зарцуулсан 3.0 их наяд төгрөгийн тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.
7. ”Чингис”, “Самурай” боондуудын эарцуулалтыг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.
8. “ACEM'-ийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахад Монголын талаас гаргасан их хэмжээний мөнгө хөрөнгийн зарцуулалтын тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага тооцох.
9. 29 тусгай сангийн үйл ажиллагааны санхүүгийн тайланг ил тод болгож, зөрчил гаргасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх.
10. ЖДҮХС-аас төрийн албан тушаалтнууд, тэдэнтэй хамаарал бүхий этгээдүүд зээл авсныг цуцалж, зэзлийг нэн даруй буцаан төлүүлж, тэдэнд хариуцлага хүлээлгэх.
11. Банкны зээлийн хүүг ЖДҮХС-ийн зээлийн хүүгийн хэмжээтэй адил буюу жилийн 3.0 хувиас илүүгүй болгох
зэрэг болно.
Эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд цаг хугацаа болон менгө хөрөнгө шаардагдахгүй бөгөөд гагцхүү улс төрийн эр зориг, ард түмнийхээ төлөө гэсэн ухамсар байхад хангалттай гэж үзэж байна
МАН+АН-тай тэмцэж, арилган устгахыг зорьж байгаагаа зарласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд хэлсэн үгэндээ эзэн болж, ард түмний зүй ёсны дургүйцэл бухимдлыг төрүүлсэн дээрх асуудлыг УИХ-ын Намрын чуулганыг завсарлуулалгүйгээр нэн даруй шийдвэрлэхийг сануулан шаардаж байна.
Сэтгэгдэл (3)