Чуулганы нэгдсэн хуралдаан Г.Занданшатарыг 95,2 хувийн саналаар УИХ-ын даргад сонголоо. УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт тамга тэмдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өглөө. Үүний дараа УИХ-ын шинэ дарга чуулганы индрээс үг хэллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Итгэл хүлээлгэн нэрийг минь дэвшүүлсэн МАН-ын бүлэг, гишүүдэд талархлаа илэрхийлье.
Ард түмэн эрх мэдлээ гишүүдээрээ дамжуулж эдлэхийг Үндсэн хуульд тусгасан. Тиймээс бид иргэдийн дуу хоолойг илэрхийлэгч элч төлөөлөгч нь байх учиртай.
Хариуцлага гэдэг бол ард түмний хүсэмжлэлд хариу өгч чадах чадвар юм.
Төрийн бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас шударга ёсыг ард түмэн хүсэмжилж байна. УИХ сахилга, дэг журмыг эрхэмлэдэг байх шаардлага бидний өмнө тавигдаж байна. Шударга ёсын төлөө манлайлан ажиллах болно.
Дээр дооргүй хуулийн засаглал, ёсзүйг чанд баримталж ажиллахыг уриалж байна. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн төлөө Ажлын хэсэг байгуулж ажиллана. Талцал хуваагдлыг биш хийж бүтээх нь чухал байна.
Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ. Энэ хугацаанд эрх мэдлийн хуваарилалт, хяналтын тогтолцоонд зарим нэг алдаа байгааг эрдэмтэд, УИХ-ын гишүүд хэлж байна.
Төсвийн зарцуулалтыг алдагдлыг багасгахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаад байгаа. Парламентын засаглалыг хөгжүүлэхийн төлөө гишүүдийгээ хүчээ нэгтгэхийг уриалж байна" гэв.
Сэтгэгдэл (1)