УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан 63 гишүүн буюу 84 хувийн ирцтэй хуралдаж, 60 гишүүн дэмжсэнээр Г.Занданшатарыг 95,2 хувийн саналаар УИХ-ын даргад сонголоо.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, Д.Сумьяабазар нар эсрэг санал өгсөн байна. Санал хураалт явуулахын өмнө УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Сүүлийн үед аж үйлдвэржилтийн бодлого дээр юм бүрийг төрд авна гээд байх боллоо. Энэ ардчилсан нийгмийн зарчим мөн үү. Хувийн хэвшлийнхэн үйлдвэр барьж болохгүй юу?
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Зах зээлийн эдийн засгийн үед хувийн хэвшлийнхэнд илүү боломж олгох ёстой гэсэн байр суурьтай байдаг.
УИХ-ын гишүүн Л.Болд: Намрын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг явуулахгүй болох гээд байна. Үндсэн хууль зөрчинө шүү. Сая бидний гацаасан чуулганы өдрүүдийг хуралдсан гэж тооцоод Их хурлыг завсарлуулах гээд байгаа юм билээ. УИХ-ын чуулган 50-иас доошгүй удаа хуралдсан байх ёстой. Гэтэл энэ тоонд хүрэхгүй байгаа. Таныг Салхит , Асгатын ордуудыг төр байна уу, ард түмний мэдэлд байна уу гэдэг дээр алхам хийсэн тул ард түмэн дэмжсэн. 1,072 хувьцааны ногдол ашгийг олгох талаар шийдвэр гаргасанд дэмжсэн. Энэ хоёр асуудал гурав, дөрвөн УИХ дамжаад шийдэлд хүрээгүй.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Үндсэн хуульд Газрын баялгаа зөв оновчтой ашигладаг, тэр нь ард түмэнд өгөөжтэй байх зарчмыг үргэлжлүүлэн ажиллахын тулд би хичээж байна. Уул уурхайн салбар ил тод байх ёстой. Ийм их баялагтай орны ард иргэд яагаад утаатай, түгжрэлтэй байгаа юм. Уул уурхайн салбар ил тод биш хуйвалдааных байгаа тул ийм байгаа юм. Бид хууль ёсны дагуу ажиллаж байгаа төсөл хөтөлбөрийг дэмжиж, хууль бус үйл ажиллагаа, зөрчлийг УИХ, Засгийн газар анхаарч баялагийн тэгш хуваарилалт дээр анхаарах ёстой. Энэ бол баялгийн шударга тэгш хуваарилалт байхгүйн жишээ. Стратегийн ордуудыг төрийн мэдэлд авч, баялгийн хуваарилалтыг тэгш болгох ёстой. Тиймээс цаашид уул уурхайн салбар төдийгүй бизнесийн салбарт хууль ёсны дагуу ажиллаж буйг нь дэмжих ёстой. УИХ-ын Тамгын газрын саналыг үндэслэж 14 хоног чуулганы хуралдааныг сунгах эсвэл ээлжит бус чуулган хуралдуулах дэгтэй юм билээ.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Г.Занданшатар та төрийн өндөр албан тушаал хажиж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болох нь. ҮАБЗ-ийн гурван гишүүний талаар танд нэг зүйл анхааруулж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болчимгүй үг, үйлдэл хийдэг хүн. Өнгөрсөн долоо хоногт манай байнгын хорооны хуралд дээр орж ирж, хууль ярилаа гэж загнаж зандарч байх юм. Бид хуульгүй яаж амьдрах юм. Ийм л юм ярьдаг хүнтэй та хамтарч ажиллах нь дээ. Ерөнхийлөгч өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг өрөөндөө урьж уулзсан. Гэтэл намайг “Чи чинь нэг сонгогдсон олигархи билүү” гэж дайрч доромжилсон. Хууль ямар хамаатай юм. Хууль яриад байх юм гэж яриад байдаг хүнтэй та хамтарч ажиллах нь байна. Ерөнхийлөгч бид хоёрын хувьд нэг тойрогт өрсөлдөж нэг нь ялж, нөгөө нь ялагдсан. Энэ хүнд дөрлүүлэх маягтай, энэ хүн хөндлөнгөөс хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоод байж болохгүй. Энэ өндөр албан тушаалыг та нэр төртэй хашиж чадах хүн.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилоогүй байгаа. Энэ албан тушаалыг эзгүй байлгаж болдоггүй. Үүнийг яаралтай томилж өгөхийг хүсэж байна гэх мэтчилэн саналаа илэрхийллээ.