МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг тодрууллаа.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, энэ үеэр Ц.Нямдорж, Д.Оюунхорол нар өөрсдийнхөө нэрийг дэвшүүлсэн бол Ерөнхий сайд намын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүний нэрийг оруулж ирсэн. УЗ-өөс 100 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн эрх мэдлийг оновчтой болгох зохицуулалтыг би хамгийн гол зорилгоо гэж бодож байгаа. Ингэж байж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас эхлээд төрийн бүх шатанд сахилга хариуцлага бэхжинэ" гэлээ.
МАН-ын УЗ-ийн энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Бүлгийн гишүүдийн олонх УЗ-ийн шийдвэрийг дэмжвэл УИХ-ын шинэ даргын асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-аар оруулах юм.
Бүлгийн хуралдаан өнөөдөр 18:00 цагаас зарлагдсан байна. УИХ-ын даргыг нэрийг эцэслэн шийдвэрлэвэл, маргааш өглөө өргөн мэдүүлэх бөгөөд бямба гаригт шинэ спикертэй болох аж.