УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхлэхээр товлогдсон байна.
Чуулганаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.Чуулганы хуралдаанаас өмнө буюу 09.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх юм байна.
Оны өмнө нь УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулахаар шаардлага хүргүүлсэн ч "хууль заагаагүй үндэслэлээр огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй" гэдэг дүгнэлтийг ТББХ гаргасан билээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ-ын гишүүдийг олонхи шаардвал УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хэлэлцэж болох" хуулийн өөрчлөлтийг өргөн барьж, УИХ баталснаар огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн боломж бий болсон юм.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд өнгөрөгч баасан гаригт "Мягмар гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж, огцруулах асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын шинэ удирдлагыг сар шинийн өмнө томилно" гэсэн билээ.