Зарим нэгний тэсэн ядан хүлээж байсан өдөр маргааш болж, хамаг бүхний “гай” болсон М.Энхболд огцрох гэж байна. Төв талбай дээр хэдэн мянга хүн цугларч, жагсаал цуглаан хийж, эдүгээ зарим нь өлсгөлөн зарлаад байгаа урт удаан хугацааны “тэмцэл”-ийн үр дүн гарч байна гэж хэлж болох. Урт удаан гэж хэлэхгүй байхын ч аргагүй, зөвхөн л энэ хүнээс болж улс орон тэр чигтээ хямраад байгаа юм шиг ширүүн тэмцэл өрнөж, хэзээ ч түүнийг нүүр тулж хараагүй, бүр ямар ч мэдээлэлгүй байсан хүмүүс ч гэсэн өстөн дайсан мэтээр үзэн ядмаар их давалгаа үүссэн. Нөгөөдөх нь ч бас хорвоогийн хамгийн “гүргэр” хүнээр тодортлоо гүрийсэн.
Өнгөрсөн долоо хоногт ч гэсэн огцруулахад зориулсан хуулийн төслийг “Мягмар гаригт хэлэлцэх боломжтой” гэснийхээ төлөө дахиад бөөн бухимдал үүсгэв. Уг нь пүрэв гаригт хүлээж авсан хүсэлтийг баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэж, хэлэлцэх асуудлын хуваарьт оруулна. Даваа гаригт намын бүлгүүд, мягмар гаригт байнгын хороод хуралддаг учраас мягмар гаригт байнгын хороогоор оруулаад чуулганы хуралдаанаар хэлэлцүүлье л гэсэн хэрэг байх. Гэтэл М.Энхболд дахиад хугацаа хожиж, хуйвалдаан хийх гэж байна гэсэн хэрэг мандаж, үнэн худал нь мэдэгдэхгүй ”Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах “наймаа”-г амжуулахын тулд цаг хойшлуулж байж гэж шуугиад амжив. Мягмар гаригт асуудлыг хэлэлцэхийг хүлээж тэвчээгүй тэмцэгчид баасан гаригт өлсгөлөн зарлаж эхлэв.
“М.Энхболдын эсрэг таван загал” нэр өгчихмөөр болоод байгаа таван гишүүн ч мягмар гаригт М.Энхболдыг огцрохгүй бол өлсгөлөнд нэгдэх сурагтай. Янз нь огцрохгүй байх вий гэсэн айдас тэдэнд байгаа бололтой. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах “ажил” ерөнхийдөө шуудрав бололтой.
Ингэхэд “Намар аа гэж юу сэн билээ” гэдэг шүлэг шиг УИХ-ын дарга гэдэг албан тушаал юу сан билээ. Хэдийгээр төрийн гурван өндөрлөг гэж цоллодог ч уг нь УИХ-ын дарга гэдэг бол УИХ-ын үйл ажиллагааг удирддаг ердөө л спикер, санал өгөх дээрээ тулбал нэг кноп. Хууль батлах, шийдвэр гаргах эрх мэдэл нь УИХ-ынх. Спикерийн хувьд илүү эрх мэдэл түүнд үгүй. Дээх нь үедээ бол УИХ-ын дарга өөрийн болоод намынхаа эрх ашгийн үүднээс давуу нөхцөл байдал үүсгэх ёсгүй гэсэн зааг, хэм хэмжээ байв. Саяхандаа л гэхэд өдгөөгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тэр үеийн УИХ-ын даргыг хувийнхаа байр суурийг спикерийн ширээнээс илэрхийлсэн гэсэн шүүмжлэл өрнөж л байв. Харин одоо УИХ-ын даргыг огцруулчихбал бүх асуудал шийдэгдчих юм шиг домог өрнөж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү
Сэтгэгдэл (11)