АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ойрдоо “нойр муутай” яваа бололтой. Тэр даваа гаригийн өглөө эрт өөрийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан УИХ-ын гишүүдэд үг дайв.
Тэрбээр, “Аливаа өөрчлөлт энгийнээс эхэлдэг юм” хэмээн сургамжилжээ. Энэ тухайгаа, “Үүнийг шударга ёс ярьж цээжээ дэлдэх, хонгил, хувьсгал хийнэ гэж дүвчигнэхээс ялгаад хараад сурчих хэрэгтэй. Жишээ нь, нэг дүүрэг удирдаж байгаа хүн бол эмнэлгийн тусламж үйлчилгээг нь дэлхийн жишигт хүргэхийн төлөө хувийн шуналаа л дарчих хэрэгтэй. Битгий тендер, элдэв юманд нь оролц. Харин хяналтаа сайн тавь. Эрээнээс ор авчираад шахах гэж байна уу, Солонгос, Германы сайн чанарын ор авчирч байна уу, гэдэгтэй л зууралд. Чуулган дээр "хэрүүл" хиймээр байгаа бол 150 ортой хүүхдийн эмнэлэг хоёрыг бариулъя гэж хэрэлд. Ахмадуудад асаргаа сувилгааны эмнэлэг хэрэгтэй байна гэж мэтгэлц. Утаатай Улаанбаатараа янзалж чадахгүй байгаа бол хүүхдүүдээ зунд нь агаарт гаргачих зуслан барья гэж зүтгэ. Ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөх, биеэ чийрэгжүүлэх төвийг нь барьж өгье гэж гишүүдийг лоббид. Хүүхдүүдийг сурч боловсроход дэмжлэг үзүүлэх Номын сан, Усан спорт сургалтын төв хэрэгтэй гэж тулга. Болдог л юм билээ. Нэг эмнэлгийн төсвөөр хоёрыг барьж болж байна. Илүү гарснаар нь шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжийг нь аваад өгчихөж болно. Энэ бүхний "шагнал" нь атаархагчдаас, дараагийн сонгуульд ялагдах нь гэсэн айдастаа автсан хүмүүсээс ГҮТГЭЛЭГ, ДОРОМЖЛОЛ болж ирдэг ч, Монголын ард түмний мэлмий сохорчихоогүй, чихийг нь тагалчихаагүй учраас хэн хийж бүтээж байна, хэн хий хоосон хашгирч байна гэдгийг ялгах л болно. Эцэст нь хэлэхэд, эрхэм хувьсгалчид, шударга ёсны дүр эсгэгчид ээ нийгмээ өөрчилмөөр байгаа бол эхлээд өөрийгөө өөрчил” хэмээн нийтэлсэн байна.
Сэтгэгдэл (2)