Өнгөрч буй долоо хоногийн хамгийн том дуулиан “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан байлаа. Түүнийг АТГ-аас саатуулан баривчилж, нэг хоногийн дараа шүүхийн захирамжаар 30 хоногийн хугацаатай цагдан хорилоо. Түүнийг хорих 461-р ангид саатуулан шалгаж байна.
Уг нь бол түүнтэй холбоотой дуулиан сарын өмнө “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгсөн үеэс эхэлсэн. Тэрээр ойр ойрхон өгсөн хоёр удаагийн ярилцлагадаа одоо авлигын хэргээр саатуулагдаад байгаа УЕП асан Д.Дорлигжав, түүний төрсөн дүү Д.Баатар болон “Голомт” банктай холбоотой дуулиант явдлыг дэлгэсэн билээ. Хэдийгээр АТГ-аас “Голомт” банкны захирлыг баивчилсан үндэслэлээ хэлээгүй боловч Д.Дорлигжавын хэрэгт холбогдуулан баривчилсан тухай хэвлэлүүд бичиж байна. Учир нь Т.Ганболдын Д.Дорлигжавд өгсөн гэх 4 сая ам доллар “Голомт” банкаар дамжсан бөгөөд тэр нь ч банкны гүйлгээний хуулга болон тус банкнаас гаргаж өгсөн тодорхойлолтоор баталгаажсан байдаг.
Д.Баясгаланг өнгөрөгч даваа гаригт саатуулж, прокурорын зөвшөөрлөөр гэр болон албан өрөөнд нь нэгжлэг хийсний дараа цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
Д.Баясгалан нь “Голомт” банкийг 1995 онд одоогийн УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан М.Зоригт нартай хамтран байгуулсан бөгөөд бизнесийн маргааны улмаас өмч хөрөнгөө тусгаарлан Л.Болд "Бодь" группээ, Д.Баясгалан “Голомт” банкаа авч салсан байдаг. Л.Болдын хэлснээр Д.Баясгалан нь сүүлийн үед төртэй хэт холбоотой бизнес хийх болсон банкны нэр хүнд болон Л.Болдын улс төрийн үйл ажиллагаанд саадтай байсан тул өмчөө хуваан хоёр тийшээ болсон гэдэг.
Д.Баясгаланг саатуулсны маргааш АТГ-аас “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямыг мөн цагдан хорьсон билээ. Ч.Давааням нь 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл (өдгөө “Петровис”-ын захирал захирал) нарын хамт “Петровис” компанийг үүсгэн байгуулсан. Түүнийг оффшор бүсэд байршуулсан 4.3 сая ам. доллараас болж баривчлагдсан байж болзошгүй гэх яриа гараад байгаа ч тэр бол оффшороос мөнгөө оруулж ирэх Ерөнхийлөгчийн хугацаатай урилгын дараа оффшороос мөнгөө татсан цорын ганц бизнесмэн. Тиймээс энэ удаагийн баривчилгааг Д.Дорлигжав, Д.Баясгалан нартай холбоотой гэх таамаг илүү бодитой байж болох юм.
Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө 2014 оны арванхоёрдугаар сард Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь УЕП Д.Дорлигжавыг “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболдыг шантаажилж 4 сая ам.долларын авилга авсан хэмээн банкны гүйлгээний баримтыг жиргэж байсан билээ. Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох нь тодорхой болчихсон, дараачийн Засгийн газрын Хууль зүйн сайдад Д.Дорлигжавын нэр яригдаж байсан үе.
Гэвч түүнийг энэ баримтыг гаргаж тавьсны дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нар хэвлэлийн бага хурал зарлаж, Ч.Бямбаа нь “Цахим ертөнцөөр дэлгэгдээд байгаа энэхүү төлбөрийн баримт бол миний С.В.Паушокт төлсөн мөнгийг одоогийн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын компани буцаагаад “Голомт” банкинд төлсөн баримт юм. Үүний цаана ямар ч авилга байхгүй, цэвэр бизнесийн үүднээс хоёр компанийн хооронд болсон өгөө авааны асуудал юм. Үзье, шалгая гэвэл бүх анхан шатны баримтууд нь байгаа. Баримт дээр байгаа 4 сая ам.доллар тухайн үед уг компанийн ажилчдын цалин болон татварыг яаралтай төлөх ёстой өрийг дарахын тулд найз нөхдөөсөө болон өөрөөсөө мөнгө гаргаад явсан. Үүнийг Т.Ганболд нэгтгэн 4 сая ам.долларыг тухайн компанийг худалдан авахын тулд төлсөн” гэсэн байдаг.
Харин “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан “Тэр үед би “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан. “Алтан Дорнод Монгол” компани Арбитрын шүүх дээр Монголын Засгийн газарт ялагдсаны дараа Монголын томоохон 5-6 компани “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авах асуудлыг С.В.Паушоктой шууд болон шууд бус утгаар ярьж байсан. Тухайн үед “Алтан Дорнод Монгол” компани бүх лицензүүд өмч хөрөнгүүд “Голомт” банкны барьцаанд байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан Дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани (одоо яригдаад байгаа “Рекат Монголиа”-г хэлж байгаа бололтой) худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь Т.Ганболдын компани худалдаж авсан. Бямбаа захирлын хэлсэн түрүүний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Эдгээр нь арилжааны гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч хэлнэ” гэсэн билээ.
Үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч Д.Баясгалан захирлын хувьд “үнэн үгээ” хэлж амжаагүй байгаа бололтой.
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Би Дорлигжавт тэр мөнгийг өгсөн нь үнэн. Энэ бол авилга биш, амиа хамгаалахын тулд төлсөн төлбөр. Авилга гэдэг чинь ашиг олохын тулд өгдөг зүйл. Би үүнээс ямар ч ашиг хүртээгүй” гэсэн бол Д.Дорлигжав нь “Энэ бол гүтгэлэг” гээд тухайн үед “Голомт” банкнаас гаргаж өгсөн тодорхойлолтуудыг баримт болгодог.
Харин энэ хэргийн үнэн, худлыг тайлах гэрч нь “Голомт”-ын Д.Баясгалан мөн үү, эсвэл хэргийн холбогдогч уу? гэдэгт АТГ удахгүй хариулт өгөх биз.
Б.ЗАЯА