УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа Улсын ерөнхий прокуророос ирүүлсний дараа УИХ хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар болж, ажилдаа оржээ.
УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалт нь “Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш байх” Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна хэмээн үзэж Цэц хүчингүй болгосон.
Үүний улмаас одоо үйлчилж байгаа УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна хэмээн үзэж, УИХ Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг хэлэлцэхээс татгалзсан билээ. Мөн Д.Гантулга гишүүнээс гадна өөр нэг гишүүнийг яллагдагчаар татах асуудал удахгүй УИХ-д орж ирнэ гэдгийг ч Ц.Нямдорж нарын гишүүд хэлж байгаа. Тэр нь АН-ын бүлгийн Д.Мурат байж магадгүй. Бас л хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа нэгэн. Тэгвэл “1-ийн эсрэг 1” болно гэсэн үг.
Ямартай ч Ц.Нямдорж гишүүний “мухардалд ороод буй” хуулийг мухардлаас гаргахын тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан мэдээлэв. Хуулийн төсөл Засгийн газраар дэмжигдвэл Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон “Гишүүн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх”, “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан” гэсэн заалтыг тус, тус сэргээх аж.
Харин энэ хоёр заалтыг хамтад нь хэрэглэх үү, тус тусад нь хэрэглэх үү? гэдгийг хууль тогтоогчид шийднэ.
Б.Цэцэн