Үндэсний эв нэгдлийн тухай хуулийн төсөл өргөн барина.
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн /2019.01.17/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ өнөөдөр улс төрийн хүрээнд үүссэн шиг нөхцөл байдлыг цаашид гаргахгүйн тулд Үндэсний эв нэгдлийг хангах хуулийн төсөл боловсруулснаа хэлэв.
Тэрбээр, Аливаа шийдвэр, хуулийн өөрчлөлтийн асуудал нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчимд суурилж гаргах ёстой. Энэ утгаараа өнөөдрийн хуулийн өөрчлөлт хэр хууль зүйн үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд суурилсан юм бол. Цаашдаа урт хугацаандаа эрх зүйн үр дагавар, нөлөөлөл нь яаж гарах юм бол, хэрхэн хэрэгжих бол. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс Үндсэн хуулиа баталж, сахиж мөрдсөний 27 жилийн ой тохиосон. Сахиж мөрдөхийн тулд Үндсэн хуулийнхаа мөн чанар агуулгыг маш сайн ойлгох хэрэгтэй.
Өнөөдрийн энэ хуулийн төсөл ТББХ-ны даргын зүгээс ч гэсэн хэлснээр зөвхөн өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг шийдэх гэдэг нэрийн дор хуулийн гарц хайж байгаа бол, эсвэл улс төрийн нөхцөлд тааруулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол энэ маш буруу жишиг болж байна. Хуулийнх нь дархлаа үгүй болох, бидний ярьдаг хуульд захирагдах зарчим гэдэг зүйл байхгүй болох ийм буруу жишгийг тогтоож байна уу даа гэж харж байна.
Би УИХ нэг хүнд зориулж, нэг үйл явдалд зориулж хууль батлана гэж төсөөлж байсангүй. Монгол төр тогтвортой байх ёстой. Үндсэн хуулийнхаа агуулга, мөн чанар талаасаа гэж ярьж байгаа нь хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн харилцаа талаасаа яалт ч үгүй Үндсэн хуулийн мөн чанар, агуулгад нөлөөлөх асуудал хөндөгдөж байна. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд тодорхойлоод заагаад өгчихсөн. Үнэхээр энэ зүйл заалт болохгүй байгаа бол, засаглалаа өөрчлөе гэж байгаа бол, эрх мэдлийн хуваарилалтад өөрчлөлт гаргая гэж байгаа бол том бодлогын асуудал ярих нь зайлшгүй болсон байна. Өнөөдөр Монголын нийгэмд нүүрлэсэн энэ асуудал засаглалын хямралын бодит жишээ гэж харж байгаа.
Улстөржилт, намчирхал, талцдагаа зогсоогоод том хөгжлийн бодлогын асуудалд ухаанаа уралдуулахыг гишүүддээ уриалмаар байна. Үндсэн хуулийнхаа хүрээнд тогтолцоогоо хэрхэн төгөлдөржүүлэх вэ, хуулиа хэрхэн сайжруулах вэ гэдэгт хамтарч ажил хийе. Бидний үеийн залуучууд энэ асуудалд цэг тавья гэдэг үүднээс нэгдэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр өөрсдийнхөө хуулийн төслийг боловсруулсан. Та бүхнийг дэмжихийг хүсч байна. Үндэсний эв нэгдлийг хангах хуулийн төслийг бид боловсруулсан. Хоёр сар гаруйн хугацаанд парламентын үйл ажиллагаа гацсан учир хуулийн энэ төслөө өргөн барьж амжаагүй. Тун удахгүй өргөн барина.
Улс төрийн намууд хэмжээгүй эрх мэдэлтэй болсон энэ 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийн мөн чанар, агуулгыг улстөрийн намууд өөр өөрсдөдөө нийцүүлж өөрчилж байсан тогтолцоог өөрчлөхийг зорино. Улстөрийн намуудын тухай, Төрийн албаны тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд өөрчлөлт оруулъя. Ингэж байж, Үндэсний эв нэгдлийг хангах цаашдын урт хугацааны хөгжлийн бодлого дээр нэгдэж нийлэх том тогтолцооны өөрчлөлт хийцгээе гэж та бүхэнд уриалж байна гэв.