Баасан гаригийн чуулганы хуралдаан тун ч хоржоонтой болж өнгөрөв. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй тухай Цэцийн дүгнэлтийг сонсох гэж цугласан гишүүд хариу “атак”-нд орлоо. “Цэцийн дүгнэлт гоё байна, УИХ зөв шийдсэн” гэх мэтчилэн бие биедээ алга ташсаны эцэст бодит байдалтай нүүр тулах шаардлага гарав. Энэ бол 51 хувийн асуудал.
МАН-ын УИХ 49 хувийг төрд авна хэмээн тоос манаргаж байх хооронд ХХБ “Эрдэнэт”-ийг барьцаалсан 51 хувийнхны өрийг “Стандарт” банкнаас худалдаад авчихсан гэнэ. Bravo!!! Эдийн засагчид илүү эх оронч байдаг гэж энэ. Харин манай төр яав?
УИХ-ын гишүүдийн ярьж буйгаар тэд “Эрдэнэт”-ийг хаа гуяар нь (51, 49 хувийг хэлж байна) хувааж идэх гэсэн улс төр, эдийн засгийн хоёр том бүлэглэлтэй дайтаж байгаа гэнэ. 49 хувь Ц.Элбэгдоржийнх, 51 хувийг харин С.Баяр тэргүүтнүүд хувьчилж авахын тулд албаар өрөнд оруулсан юм байх. Хэрвээ “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг “эрүүгийн гэмт хэрэгтэн” (одоо 461-р ангид хоригдож байгаа) “Жаст групп өрөө төлсөн шүү, төлөгдөөгүй өр нь та нарт хамаатай” гэж шорон дотроос хашгираагүй бол хэдий болтол дуугүй явах байсныг чөтгөр бүү мэд. Түүнийг ам нээж эхэлсний дараа л Ц.Нямдорж мэтийн шударгачууд “Стандарт банктай байгуулсан жинхэнэ гэрээ Арбитрийн шүүх дээр биш, АТГ дээр дарагдаж байсан шалтгаан юу байв?” хэмээн хашгирч байна.
Товчхондоо одоо эрх барьж буй нөхөд “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалагдах нөхцлийг өөрсдөө бүрдүүлсэн байх нь. Одоо өнгөрсөн хойно “Бид биш, С.Баярын хийсэн хэрэг” гэж мянга хашгираад яах юм. С.Баяр энэ үед хэн юм? Оюутолгойн гэрээг байгуулсан ялаас зугтаж, Англид Элчин сайдаар суусан нэг л “улс төрийн орогногч” шүү дээ. Хүсвэл дуудаад ирүүлэх, ирэхгүй бол баривчлаад авчирах эрх мэдэл нь нэг л намд байгаа. (Ингэхэд МАН-ын дарга нь У.Хүрэлсүх мөн юм уу, эс бөгөөс намын даргын нэр зээлдэгч үү?)
Ц.Элбэгдорж ч ялгаагүй. Албан тушаалаасаа буугаад маньтайгаа адил жирийн иргэн болсон. УИХ-ын гишүүдэд байдаг “халдашгүй байдал” гэх зүйл ч энэ хүнд хамаарахгүй. Түүнийг чирээд явна уу, туугаад ирнэ үү, эрх нь нэг л намд байгаа.
Эцэс сүүлдээ манай төр “Эрдэнэт” үйлдвэрийг авахын тулд сүх бариад Ш.Отгонбилэгийн хаалгыг эвдэлж байсан аль 1996 оны түүхийг санал болгож байна. Төр өмчөө мэддэг юм бол сүхдэж байгаад авсан ч яадаг юм гэнэ. Ичсэн хүн яана гэдэг билээ?
Гэвч олзуурхууштай нь цаг үе өөр болсон. Бүх юм хуультай, дэгтэй. Иргэнд үйлчилдэг хууль төрд ч бас адилхан үйлчилдэг юм. Тиймээс “Эрдэнэт”-ийг аваръя гэвэл Ц.Элбэгдоржийг тоглоомоос гаргая. 49 хувийн худалдан авалт хуудуутай болсон, Ц.Элбэгдорж авсан бол түүнийг шүүхийн өмнө дуудъя. Тийм зүйл байхгүй, байсан гэдгийг нотолж чадахгүй бол гараа өргөөд тэр банкинд нь өгье! Төрийн өмчийг төр хэрхэн манадгийг хангалттай харлаа.
Б.Цэцэн