Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Энэ оны долоодугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Агаарын температур долоодугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар сэрүүн байна.
Харин сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5 градусаар дулаан байх юм.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Мөн сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох нь нэмэгдэх болжээ. Иймд томоохон гол дагуу суурьшиж буй малчин, тариаланч, аялал зугаалгаар явж байгаа иргэд үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй тогтмол танилцаж байхыг зөвлөлөө.