Хятадын үнэн төрхийг илчилсэн иргэний нийгмийн сэтгүүлчийг худал мэдээлэл тараасан хэргээр шүүж байна.
Тэрээр Хятадын коронавирусийн халдвар эд тархаж, хорио цээрийн арга хэмжээ авч байсан үед газар дээрээс нь тухайн үеийн нөхцөл байдлыг ил үнэнээр бичжээ. Одоо түүнийг "худал мэдээлэл тараасан" гэж буруутгаж байна.
Ухань хотоос энэ оны хавар коронавирусийн талаар мэдээлсэн Жан Жаны шүүх хуралдаан ирэх долоо хоногт болох бөгөөд энэ нь ковидын үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийсэн иргэний нийгмийн сэтгүүлчтэй холбоотой олон нийтэд ил болж байгаа анхны хэрэг юм.
Сэтгүүлч Жан Жан нь Ухань хотод Хоёрдугаар сарын сүүлээр буюу тахлын эхэн үед очсон сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүс, сонирхогчдын давалгааны нэг хэсэг байв.
Тодруулбал, Ухань хотод шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж хөл хоригдох үеэр Жанг сурвалжлагч хэд хэдэн бичлэг нийтэлсэн байдаг. Тэдгээр бичлэгүүдийн нэгэнд, хөл хорионы үеэр эмнэлгийн коридор дугуйтай, зөөврийн эмнэлгийн ороор дүүрч өвчтөнүүд цэнхэр хүчилтөрөгчийн танканд холбогдсон байсныг харуулсан бол өөр нэг бичлэг дээр тэрээр олон нийтийн эрүүл мэндийн төвийн дэргэдүүр өнгөрч, оршин суугчид шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ гэж итгэж байсан ч нэг хүн коронавирусийн шинжилгээнд өөрөө төлбөр төлж хамрагдах болсон гэж хэлснийг тэмдэглэж үлдээжээ.
Тухайн үед 37 настай өмнө нь өмгөөлөгч хийж байсан Жан Жан иргэний нийгмийн сэтгүүлч болж, тахлын тухай үнэн бодит, шүүлтүүргүй мэдээллээр цангасан Хятадын ард түмний мэдэх эрхийн төлөө ажилласан юм. Одоо Хятадын засгийн газар өөрсдийн тарьсан хэргээ баллуурдаж, ялалтын түүхийг сурталчлах хүчин чармайлтын бэлгэдэл бий болгож байна.
Хатагтай Жан хэдэн сарын турш бичлэг, нийтлэлээ цацсаны дараа Тавдугаар сард бичлэгээ гэнэт зогсоосон. Хожим нь цагдаагийнхан түүнийг худал мэдээлэл тараасан хэргээр баривчлагдсаныг илчилжээ. Даваа гаригт тэрээр Хятадын коронавирусийн хямралын түүхийг бичсэн анхны шүүх хурлаар шүүхэд очих болно.
Гэсэн ч хатагтай Жан эрх баригчдыг үргэлжлүүлэн шоронгоос эсэргүүцсээр байна. Сэтгүүлч Жан баривчлагдсаныхаа дараахан өлсгөлөн зарлаж эхэлсэн гэж өмгөөлөгчид нь мэдэгдэв. Тэрээр хариугүй туранхай болсон ч хоол идэхээс татгалзсан хэвээр байгаа гэж өмгөөлөгчид мэдэгдэж, энэхүү тэмцэл нь түүнийг шударга бусаар цагдан хорьж байгааг эсэргүүцэж буй хэлбэр юм гэжээ.
“Тэр шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж байна гэсэн. Тэрээр үүнийг доромжилсон зүйл гэж үзэж байгаа" хэмээн түүний өмгөөлөгчдийн нэг Рен Куанниу хэлжээ.
Хатагтай Жанг яллах ажиллагаа нь Хятадын Коммунист намын засгийн газрын ухаалаг, ялгуусан алхамуудын дараалал буюу кампанит ажлын үргэлжлэл юм. Засгийн газрын эрт хийсэн буруу алхамуудыг онцолсон шүүмжлэгчдийг цагдаа нар баривчлах, цензур тавих, заналхийлэх зэргээр өөр гурван сэтгүүлч хатагтай Жангаас өмнө Ухань хотоос алга болсон. Мөн одоогоор өөр сэтгүүлчид шүүхэд дуудагдаагүй байна.
Прокурорууд хатагтай Жанг “Хэрүүл маргаан сонгож, хэргийг өдөөн турхирсан” гэж буруутган, засгийн газрыг байнга шүүмжилдэг байсан тул 4-5 жилийн хорих ял онооно гэсэн байна.
Өмгөөлөгчдийн Рен энэ талаар "Сэтгүүлч Жан цочирдсон. Тэр ийм хүнд болно гэж бодоогүй" гэлээ.
Хатагтай Жан нь Нэгдүгээр сарын сүүлээр хөл хорио тогтоосны дараа Ухань руу цувсан сэтгүүлчид, мэргэжлийн хүмүүс, сонирхогчдын давалгааны нэг байсан юм. Эрх баригчид дэгдэлтийн эмх замбараагүй байдлыг зохицуулах гэж оролдож байсан бөгөөд богино хугацаанд Хятадын хатуу цензурын дэглэм сулрав. Сурвалжлагчид терроризм, уур хилэнгийн оршин суугчдын түүхэн мэдээллийг хуваалцахын тулд тэр цонхыг ашигласан байдаг.
Эхний долоо хоногтоо сэтгүүлч Жан эмнэлэг, хүн ихтэй эмнэлгийн коридор, хотын эзгүй галт тэрэгний буудал дээр очжээ. Гуравдугаар сарын 7-нд Ухань хотын Коммунист намын дээд албан тушаалтан оршин суугчдад хандан цар тахлын эсрэг хүчин чармайлт гаргасны төлөө засгийн газарт талархах хэрэгтэй, ард иргэд "талархлын боловсрол" эзэмшсэн байх ёстой гэж хэлэхэд хатагтай Жан гудамжаар алхаж, хажуугаар өнгөрч буй хүмүүсээс талархаж буй эсэхийг асуужээ.
Харин тэрээр “Талархах нь хэн нэгний зааж чадах зүйл мөн үү? Хэрэв үүнийг хүчээр заах юм бол тэр нь хуурамч л талархал байх болно. Бид насанд хүрэгчид. Бидэнд зааж сургах шаардлагагүй” гэж тэр бичлэгнийхээ төгсгөлд хэлсэн байна.
Сэтгүүлч Жангийн бичлэгүүд ихэвчлэн донсолгоотой, засваргүй, заримдаа хэдхэн секунд үргэлжилдэг байв. Тэд намын хатуу чанга хяналтан дор Хятадад бие даасан тайлан гаргахад тулгардаг бэрхшээлүүдийг байнга харуулдаг байсан байна. Олон оршин суугчид хатагтай Жанг үл тоомсорлож эсвэл яв гэж хэлнэ. Хэрэв тэд ярилцсан бол тэд түүнийг камераа хөл рүү чиглүүлэх, нүүр нуухыг хүсдэг байжээ.
Тэрээр Хятадад түгээмэл хэрэглэгддэг мессежийн үйлчилгээ болох WeChat-т зарим видео бичлэг, нийтлэлээ байршуулахдаа платформ дээрх цензуртай байнга тулгардаг байсан гэжээ. Тэрээр Хятадад хориглогдсон боловч виртуал хувийн сүлжээгээр нэвтрэх боломжтой YouTube, Twitter-т ихээхэн найддаг байсан тухайгаа мөн ярьжээ. Сэтгүүлч Жан өөрийн амьдардаг Шанхайгаас Ухань руу аялж явахаасаа өмнө хэзээ ч иргэний сэтгүүлч байгаагүй гэж Ли Давей мэдээлж байхдаа түүнтэй байнга зурвас солилцдог байсан гэж хэлэв. Гэхдээ тэр зөрүүд, идеалист ханддаг байсан нь заримдаа ойлгоход хэцүү байсан гэлээ.
Сэтгүүлч Жан түүний үйлдлийн эрсдлийг мэддэг бололтой. Тэрээр анхны бичлэгүүдийнхээ нэг болох Хоёрдугаар сарын 7-нд өөр нэг иргэний сэтгүүлч Чен Циуши дөнгөж сураггүй алга болсныг, өөр нэг нь Фан Бинийг хараа хяналтанд байлгаж байсныг дурджээ. Шүгэл үлээгч эмч нарыг дуугүй болгосон гэж тэр нэмж дурьдсан юм.
Удалгүй ёэтгүүлч Соёон алга болов. Ухань руу аялж байсан бас нэг иргэний сэтгүүлч Ли Зэхуа ч мөн адил. Хятадын удирдагч Ши Зиньпин саяхан албан тушаалтнуудад "Олон нийтийн санаа бодлын удирдамжийг бэхжүүлэхийг" тушаасан бөгөөд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олон зуун сэтгүүлчдийг хотод байрлуулсан байна. Энэхүү хатуу арга хэмжээ нь хямралыг шууд бус аргаар баримтжуулах гэж оролдсон хүмүүст ч хамаатай болжээ. Дөрөвдүгээр сард тахлын тухай цензуртай мэдээллийн нийтлэлийг онлайн архив үүсгэсэн гурван сайн дурын ажилтан сураггүй алга болсон. Гэр бүлийн гишүүдийн ярьснаар шүүх хурал эхлээгүй байгаа ч хоёр нь хэрүүл маргаан, асуудал дэгдээсэн хэргээр яллагджээ.
Сэтгүүлч Жан "Гэхдээ энэ улс оронд үнэний талаар санаа тавьдаг хүний хувьд бид уйтгар гунигтаа умбаж, энэ бодит байдлыг өөрчлөх ямар нэг зүйл хийхгүй бол бидний сэтгэл хөдлөл дэндүү ядмагхан байгааг хэлэх ёстой" гэсэн юм.
Хяналт шалгалтыг үл харгалзан хатагтай Жан олон долоо хоногийн турш Ухань хотын эргэн тойронд үргэлжлүүлэн нүүдэллэн явсаар ирсэн нь магадгүй олон хүн дагалдсангүй. Түүний зарим видеог YouTube дээр хэдхэн зуун удаа үзсэн байна. Түүний найз Ли эрх баригчид эцэст нь тэвчээр алдах болно, ялангуяа хатагтай Жан улам бүр зоригтой болж эхэлснийг анхааруулж байжээ. Нэг удаа тэрээр цагдаагийн хэлтсүүд дээр сураггүй алга болсон иргэний сэтгүүлчдийг тодруулахаар явсан байна.
Тэрээр "Тэр надад итгэсэн, гэхдээ тэр зүгээр л зогсохгүй. Тэр Уханьд ажлаа дуусгаагүй байна гэж хэлсэн. Тавдугаар сарын дундуур хатагтай Жан гэнэт хариу өгөхөө больсон. Түүнийг баривчилж Шанхайд авчирсныг хожим нь мэдсэн" гэлээ. The New York Times сонины хянаж үзсэн яллах дүгнэлтэд сэтгүүлч Жанг “Худал хуурмаг зүйл зохиож, худал мэдээлэл тараасан” гэж буруутгажээ. Түүнчлэн сэтгүүлч Жан "Чөлөөт Ази Радио, Эпок Таймс" зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч байсныг тэмдэглэжээ.
Сэтгүүлч Жан баривчлагдсанаас хойш удалгүй хоол хүнснээс татгалзаж эхэлсэн гэж өмгөөлөгчид нь мэдэгдэж эхэлсэн юм. Тэдний нэг Жан Ке Ке энэ сарын эхээр түүнийг шоронд очиж уулзахад гар нь бэхэлгээтэй байсныг харсан гэж WeChat-ндаа бичсэн байв. Сэтгүүлч Жан толгой эргэж, гэдэс нь өвдөж байна гэж өмгөөлөгч Жан үргэлжлүүлэн бичсэн байв. Мөн онлайнаар холбогдоход танихын аргагүй туранхай болсон байжээ.
Өмгөөлөлч Жан, дараа нь тус тусад нь зочилсон ноён Рен хоёул хатагтай Жангаас хоол идэхийг гуйжээ. Гэхдээ тэр татгалзсан байна.
Хятадын шүүхийн систем цэвэр бус байдаг тул энэ мэт эмзэг хэргүүд хаалттай хаалганы цаана байнга хэлэлцэгддэг. Засгийн газрын статистик мэдээгээр 2019 онд Хятадын шүүхэд оногдуулсан ялын хэмжээ 99.9 хувьтай байна. Өмгөөлөгчид саяхан сэтгүүлч Жангийн шүүх хурлыг ил тод байлгах үүднээс шууд дамжуулахыг хүссэн боловч тэдэнд хариу мэдэгдээгүй байна.
Алга болсон бусад иргэний сэтгүүлчдээс зөвхөн нэг нь ноён Ли олон нийтийн өмнө гарч ирсэн. Дөрөвдүгээр сард Youtube дээр гарсан видеон дээр тэрээр хүчээр хорио цээрийн дэглэм тогтоосон боловч түүнд ямар ч хариуцлага тооцоогүй гэжээ. Өөр нэг нь сэтгүүлч гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа гэсэн боловч олны өмнө үг хэлээгүй байна.
Сэтгүүлч Жан баривчлагдахаасаа өмнө хийсэн сүүлчийн бичлэг дээрээ саяхан тохиолдол бүртгэгдсэн хөршийн гудамжаар алхаж явжээ. Түүнийг хаалттай дэлгүүрүүдийн зураг авалтыг хийж байх үед “жижүүр” гэсэн бичигтэй неон хантааз өмссөн эр түүнтэй нүүр тулж, хаана амьдардаг, сэтгүүлч мөн үү гэж асуужээ. Мөн "Хэрэв та үүнийг цахим ертөнцөд байрлуулсан бол хариуцлага хүлээх хэрэгтэй болно" гэж хашгирасан байна. Харин сэтгүүлч Жан "Би бүх үйлдлийнхээ хариуцлагыг хүлээнэ, та хууль сахиулах үйл ажиллагааныхаа төлөө бас хариуцлага хүлээх ёстой" гэж хэлсэн биялэг үлджээ.
Т.Бүжлхам