Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас Pfizer-BioNTech-ийн коронавирусийн вакциныг баталж, эмнэлгийн ажилтнуудыг хамгийн түрүүнд хамруулж эхлээд буй.
Тэгвэл “Pfizer” компани өнөөдөр коронавирусийн вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ Японы Эрүүл мэндийн яаманд гаргажээ. Энэ тухай тус компанийн Япон дахь төлөөлөгчийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Энэ талаар “Pfizer Japan” компанийн гүйцэтгэх захирал Акихиса Харада "Ковид 19-ийн тохиолдол Японд төдийгүй дэлхийн бусад оронд ч өссөөр байна. Бид улс орон болгоны зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж, аюулгүй, үр дүнтэй вакциныг хүргэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна. Зөвшөөрөл авсан даруйдаа бид Японы ард түмэнд вакцинаа шуурхай хүргэж эхэлнэ" гэж хэлжээ.
“Pfizer”-ийн хүсэлтийг Японы Засгийн газар баталбал уг вакцин нь тус улсад хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусийн анхны вакцин болох юм.
Японы эрх баригчид өмнө нь Их Британи-Шведийн “AstraZeneca”, Америкийн “Pfizer”, “Moderna” компаниудтай коронавирусийн вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. Мөн Ковид 19-ийн вакциныг иргэддээ үнэ төлбөргүй хийх хуулийн төслийг саяхан баталсан билээ.