Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн долоо хоногт өгсөн талаар өчигдрөөс манай зарим хэвлэлээр гарч эхэллээ. Мөн түүнийг 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба ийм хүсэлт "Ирээгүй" гэсэн юм.
Тэрбээр зодог тайлсаныхаа дараа өөрийн гэсэн дэвжээ байгуулахын тулд ийм шийдвэр гаргасанаа "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт Асашёорюү Д.Дагвадорж аваргатай ярилцаж байхдаа хэлж байсан юм. Учир нь Сүмо бөхийн холбооны дүрмэнд зодог тайлаад ояката болж, дэвжээ нээх эрхийг зөвхөн Японы иргэнд л өгнө гэсэн заалттай байдаг байна.
Тэгэхээр амьдралаа зориулж, Сүмо бөхийн хөгжил дэвшилд нь хамаг хүчээ зориулсан хүн энэ ертөнцдөө үлдэхийн тулд хүссэн хүсээгүй иргэншлээ өөрчлөхөөс өөр аргагүй байх. Их спортод хүчин зүтгэсэн тамирчин хүн мэдсэн сурснаа хойч үедээ үлдээж, өөрийн шавиа бэлтгэх хүсэлтэй байдаг. Тэр тусмаа зүгээр нэг барилдаагүй, олон жилийн түүхтэй сүмо бөхийн бараг бүх рекордыг шинэчлэн тогтоож, шинэ түвшинд гаргасан Их аваргын хувьд өөрийн дэвжээтэй болох хүсэлтэй нь ойлгомжтой. Өөрөө ч энэ талаар олон жил ярьж байсан билээ.
Магадгүй Их аварга маань Японы иргэн болсоноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, монголын хувьд анхны их аваргын дэвжээтэй болж олон олон Монгол бөхчүүд барилдах боломж бий болох ч юм билүү. Цаашлаад монгол залуу Японы сүмо бөхийн холбооны тэргүүн болохыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ бүхэн түүний чин хүсэл ч байж болох юм.
Хэрвээ Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын харьяатаас гарах хүсэлт өгвөл эхлээд хүсэлтээ Япон улсад суугаа Монгол улсын ЭСЯ-аар дамжуулах юм байна. Мөн Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ ирүүлсэн бол хуулийн дагуу эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг тул зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй юм.
Харин энэ талаар Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тодруулахад "Тийм хүсэлт манайд ирээгүй" гэсэн хариу өглөө.
Сэтгэгдэл (1)