Нэг тэрбум төгрөгийн гэрээ. Ийм том гэрээг Монголын спортын түүхэнд байгуулж байсан түүхгүй. Тэгвэл Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Андууд сити клуб" ХХК-тай 2018-2022 оныг хүртэл 1 тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.
Гэрээнд зааснаар манай хөлбөмбөгийн Үндэсний дээд лиг жилд 200 сая төгрөгийн шагналын сантайгаар зохиогдохоор болж байгаа юм. Мөн Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа лигийн тэмцээнүүд энэ жилээс эхлэн “Мазала” брэндийн нэрэн дор зохиогдохоор боллоо.
Үндэсний дээд лигийн тэмцээний тоглолтуудын тасалбар бүрээс 100 төгрөг, мөн "Мазала" брэндийн борлуулсан тасалбар бүрийн 10 төгрөг нь "Мазаалай хамгаалах сан"-д дэмжлэг болж орох юм. Дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг дэмжих нийтийн үйлст ийнхүү Хөлбөмбөгийн холбоо нэгдэн орж байна.
"Мазала" дээд лиг энэ сарын 28-наас эхлэх бөгөөд Атлетик 220, Арвис, Гоёо Эф Си, Дэрэн, Сэлэнгэпресс, Улаанбаатар сити, Хангарьд, Жипро, Эф Си Улаанбаатар, Эрчим гэсэн 10 баг хүч сорин өрсөлдөнө. Тавдугаар сард эхлэх "Мазала" нэгдүгээр лигт энэ улиралд анх удаа 12 баг тоглоно.
Энэ үеэр өнгөрсөн гурван жилд Үндэсний дээд лигийг ивээн тэтгэсэн “Алтан жолоо” группт МХБХ нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлэн, МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнаж, үнэмлэх олгов.