Энэ тухай Forbes сэтгүүл нийтлэснийг тоймлон хүргэж байна.
Ивээн тэтгэгчид олимпийн наадамд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Олон Улсын Олимпийн Хорооноос /ОУОХ/ мэдээлснээр, зуны болон өвлийн олимпийн наадмын туршид нийт олсон орлогын 18 хувийг чинээлэг хүмүүс бүрдүүлдэг байна. 2014 онд ивээн тэтгэгчид ОУОХ-нд 309 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг бол 2016 онд энэ тоо 410 сая ам.долларт хүрчээ. Олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн жагсаалтыг McDonald’s орхисон ч Toyota, Intel болон Alibaba Group шинээр нэгджээ. Ингэснээр олимпийн наадмын ивээн тэтгэгчдийн тоо 13 болж өсчээ.
Өвлийн спортын ихэнх холбоод ивээн тэтгэгч компаниудтай гэрээ байгуулдаг. Олимпийн эхэн үед бүх зар сурталчилгааны талбайг ОУОХ-ны түнш байгууллагууд болон орон нутгийн зохион байгуулах хороодод өгдөг ч олимпийн өмнөх сонгон шалгаруулалтад үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэх замаар ивээн тэтгэгчдийг татдаг байна. ОУОХ эсвэл Хөлбөмбөгийн өвлийн холбоод тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт татаж чадахгүй ч тэд ашигтай гэрээ байгуулдаг гэнэ.
Тодруулбал, Баварын шар айраг үйлдвэрлэлийн компани “Erdinger Weißbräu” Биатлоны олон улсын холбоотой /IBU/ 2017, 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, 1.5 сая евро төлжээ. Биатлоны дэлхийн 12 удаагийн аварга, Олимпийн хошой аварга Магдалена Нойнер ид карьерынхаа үед “Erdinger Weißbräu” компани энэ спортыг сонирхож, хөрөнгө оруулах болсон байна. Тус компани эхний үедээ зөвхөн тамирчинтай гэрээ байгуулсан ч хожим нь Биатлоны олон улсын холбоотой хамтран ажиллах гэрээг дахин байгуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл дэлхийн цомын аваргууд тус компанийн брэндийн алкоголийн хольцгүй шар айргийг хэрэглэж байна.
Өвлийн спортын гурван холбооны гол түнш нь яах аргагүй Германы автогигант BMW билээ. Германчууд Биатлоны Олон улсын холбоотой 2010 он гэрээ байгуулсан бөгөөд хожим нь BMW-тэй нэгдэж, улмаар дэлхийн цомын тэмцээний нэр нь BMW IBU World Cup болсон түүхтэй. Бобслей болон Скелетоны дэлхийн цомын тэмцээн ч мөн адил ийм нэртэй. BMW онцгой статусынхаа төлөө холбоодод нэмж 300 мянган евро төлдөг байна. Олимпийн наадмын ивээн тэтгэгчид энгийн гэрээ хийхдээ жил бүр 500 мянган евро төлдөг гэж Manager magazine мэдээлэв. Харин BMW ойролцоогоор 800 мянган евро төлдөг гэнэ.
Хоккейн спортын олон улсын холбоо (IIHF) 25 жилийн туршид “Škoda” компанитай хамтран ажилласнаараа Гиннесийн номд бичигдсэн байдаг. Гэхдээ энэ дээд амжилт удахгүй шинэчлэгдэнэ гэж судлаачид харж байна. Учир нь, Чехийн автомашин үйлдвэрлэгч компани “Škoda” 2021 он хүртэл гэрээгээ сунгажээ.
Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр телевизийн эфирийн 1600 цагийг жил бүр Škoda компанийн зар сурталчилгаа эзэлдэг гэнэ. Энэ нь эфирийн цагийн дунджаар 66 хувийг эзэлдэг ажээ. Škoda компани мөсөн талбайн төв хэсэгт, зар болон оноолтын самбар, үзэгчдийн суудал зэрэг хамгийн ашигтай байрлалд өөрсдийн зар сурталчилгаагаа байршуулж чаддаг. Энэ нь телевизийн эфирээр компаниа сурталчлах энгийн арга гэнэ. Таван жилийн дотор хоккейн спортыг зурагтаар үзэж буй хүмүүсийн тоо 30 хувиар өсч, 2017 онд 1.3 тэрбум болжээ. Харин Кельн болон Парисын цэнгэлдэхийн талбайд 686 мянган хүн хоккейн спортыг сонирхон үздэг. Иймээс л Škoda Олон Улсын Хоккейн Холбоотой /IIHF/ гэрээгээ цуцлахыг хүсэхгүй байгаа бололтой.
Олон Улсын Уран гулгалтын Холбоо /ISU/ жил бүрийн орлогын 26 хувийг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгааны хэлэлцээрт зарцуулдаг. Тодруулбал, 2016 онд 27 сая ам.долларын ашигтай ажилласнаас 7.1 сая ам.долларыг ивээн тэтгэгчид болон зар сурталчилгаанд зарцуулжээ.
Эх сурвалж: Forbes