БНСУ-ын Пёнчан хотод хоёрдугаар сарын 9-ий өдөр эхэлсэн өвлийн олимпийн XXIII наадам өнөөдөр өндөрлөлөө. 17 хоногийн турш Солонгосын хойгт үргэлжлэн явагдсан өвлийн олимпийн наадамд 92 орны 2922 тамирчин спортын 15 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, хүч чадлаа сорьсон юм.
Өнөөдөр энэхүү наадмын хамгийн сонирхолтой бас хүлээлтэй байсан эрэгтэй хоккейн шигшээ тоглолт боллоо. Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцсон Оросын олимпийн баг, энэ наадамд дуулиан тарьсан Германы багтай тоглосон. Тоглолт 4:3 онооны харьцаагаар Оросын олимпийн багийн ялалтаар өндөрлөсөн юм. Дуулиан шуугиантай Германы баг тоглолт дуусахаас нэг минутын өмнө 3:2-оор тэргүүлж байсан оросууд тэнцээ нэг гоолыг хийж чадсанаар нэмэлт цагт ялагч тодрох болсон. Ингээд дахин 20 минут сунгаж, оросууд гоол хийснээр олимпийн аварга болж байна.
Оросын хоккейчид хамгийн сүүлд 20 жилийн өмнө буюу 'Нагано 1988' олимпийн наадмын финалд үлдэж байсан. Тэгвэл энэ удаа Олон улсын олимпийн хорооны нэрийн дор оролцсон хоккейчид шилдэг тоглолтыг үзүүлж, аваргын алтан медалиийг авлаа.
Шөвгийн наймд Швед, хагас шигшээд Канадыг хожсон Германы шигшээ багийн хоккейчид дуулиан шуугиантайгаар олимпийн наадмыг өндөрлүүлэхдээ мөнгөн медаль дээр буусан бол Канадын хоккейчид хүрэл медальтайгаар наадмыг өндөрлүүллээ