Хэдхэн хоногийн өмнө дэлхийн аваргаас хошой алтан медаль хүртэж, Бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон Г.Угалзцэцэгийн 2018 оны нэгдүгээр сард Өглөөний сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд буй тэвчээр, хатуужлын бодит жишээ болсон тамирчин Г.Угалзцэцэгийг Хөвсгөл аймгийн ИТХ-аас Монгол Улсын гавьяат тамирчинд тодорхойлсон байна.
-Юуны өмнө танд дэлхийн гурван удаагийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсонд баяр хүргэе?
-За баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэж байна.
-Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдсан. Үүний дараагаар Олон улсын тэмцээн Хятад улсад болж охин тань амжилт гаргасан гэсэн. Бэлтгэл сайн хангагдсан байжээ дээ?
-Бэлтгэл маш сайн хангагдсан учраас охин бид хоёр амжилттай оролцоод ирсэн. Охин маань энэ жилээс анхны тэмцээнүүддээ орж эхэлж байгаа. Энэ сарын 11-нд Улаанбаатар хотод оюутны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байгаа. Энэ тэмцээнд охин маань бэлдэж байсан учраас бэлтгэлжилт сайтай байсан. Иймд бид хоёр БНХАУ-д “China Hangzhou international-2017” нэртэй бодибилдинг, фитнессийн Олон улсын тэмцээнд атлетик ангилалд алт, охин маань Бикини төрөлд хүрэл медаль авсан.
-Та гэр бүлийнхээ талаар танилцуулна уу?
-Ам бүл дөрвүүлээ. Манайх хоёр хүүхэдтэй. Охин маань Анагаах ухааны их сургуульд сурдаг. Хүү маань арван нэгдүгээр ангид сурдаг юм. Манай гэр бүлийнхэн бүгд фитнессээр хичээллэдэг. Нөхөр маань бодибилдингийн холбоонд гишүүнээр ажилладаг. Гэр бүлээрээ энэ спортоор хичээллэдэг гэж хэлж болно.
-Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрж, нэгдүгээр анги хүртлээ эмээ өвөө дээрээ байсан. Мэдээж аав, ээж хоёр маань хотод амьдардаг байсан болохоор хотод ирж Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар сургуулийг төгссөн. Арван жилд байхад махлаг, спортоос хол хөндий биеийн тамирын хичээлд бараг суудаггүй, бүрэг ичимхий хүүхэд байсан. Айлын хамгийн том, доороо гурван эмэгтэй дүүтэй өссөн дөө.
-Таныг энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн чинь дэмждэг байв уу, аль эсвэл?
- Манай удамд ер нь спортын хүн байхгүй. Анх энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүл, дүү нар их эсэргүүцэж байсан. Мөн гэр бүлийнхэн гэлтгүй хамаатан садан найз, нөхөд хүртэл эмэгтэй хүн булчин шөрмөстэй байх муухай гэх мэтээр шүүмжилдэг байсан юм. Бусад хүмүүс ч гэсэн эмэгтэй хүн булчинлаг байх муухай гэсэн ойлголттой л байдаг. Одоо бол дэлхийн чиг хандлага өөрчлөгдөөд урлаг талаас нь хүлээн авч булчинлаг бие моодонд орж байгаа гэж хэлж болно.
Тамирчин хүний хувьд тайзан дээр гарахад булчин шөрмөс нь ялгарч харагддаг. Энгийн үед жингээ тавиад ирэхээр ихэвчлэн хүмүүс гоё харагдаж байна гэж хэлдэг. Одоо бол хамаатан садан, найз нөхөд гэр бүлийнхэн маань бүгдээрээ маш сайн дэмждэг.
-Анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
-Арван жилд байхдаа спортоос хол хөндий хүн байсан ч гэсэн спортын хүмүүсээр бахархдаг байсан. Тэр дундаа бокс, бие хамгаалах урлаг гэх мэт эрэгтэй спортын төрлийг маш их сонирхдог байлаа. Өөрийгөө ингэж бодибилдингээр хичээллэнэ гэж бодож байгаагүй. Анх хөдөлгөөний дутагдалд ороод жин нэмээд, эрүүл бусаар жингээ барьдаг байсан болохоор эрүүл мэнд талаасаа жингээ зөв хасах үүднээс фитнессээр хичээллээж эхэлсэн.
Энэ спортоор хичээллээд биед өөрчлөлт гараад ирэхээр сонирхолтой болж, илүү хичээн хичээллэж өөрийнхөө биеийг илүү сайн хөгжүүлсэн. Гэхдээ миний хувьд тийм том булчинтай биш л дээ. Атлетик ангилал буюу бодибилдинг фитнессийн үзэсгэлэнтэй ангилал гэж байдаг. Энэ ангиллаас хэтэрч гарахгүйг л хичээж байгаа.
-Хүн мэдээж хөдөлмөрлөж байж ажилтанд хүрдэг. Танд шантрах үе гарч байсан уу?
-Шантрах үе байдаг. Анх энэ спортоор хичээллээд Азийн аваргад явах гээд бэлтгэлээ хангаж дуусаад зургаа пэйж хуудсан дээрээ тавихад хүмүүсийн сөрөг хандлагаас болж нээрээ муухай харагддаг юм болов уу гэх сэтгэгдэл төрж шантрах үе байсан. Одоо бол шантрах үе хаяа байдаг ч зарим шүүмжлэлийг хүлээж авна. Мөн магтаалд хэт туйлширч болохгүй бүх зүйлийг олон талаас нь хардаг болсон юм.
-Харин эсрэгээрээ бодибилдингээр хичээллэснээр ямар сайхан мэдрэмж авдаг вэ?
-Хамгийн сайхан мэдрэмжүүдийг жим дээрээсээ авдаг гэж хэлж болно. Тэмцээн дуусаад хэд хоног амарна гэж тамирчид ярьдаг. Миний хувьд амрахаар илүү их ядардаг. Байнгын бэлтгэлээ хийж байвал уур уцааргүй болно. Мөн байнга фитнессээр хичээллээд ирэхээр залуужуулах даавар ялгардаг учраас хүний нас тогтож залуу харагддаг юм. Ер нь фитнессээр сайн хичээллэвэл залууждаг гэж ойлгож болно.
-Сүүлийн жилүүдэд манайд бодибилдинг, фитнесс эрчимтэй хөгжиж байна. Энэ талаарх таны бодол?
-Манайд бодибилдингийн спорт үүсэж хөгжөөд 27 жил болж байна. Бусад улсуудыг бодоход хамгийн залуу нь гэж үзэж болно. Монголд гэлтгүй дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа спорт. Гэтэл манай тамирчид дэлхийн бүх тамирчидтай хөл нийлүүлэн өрсөлдөж байна.
Ихэвчлэн урд нь мөнгө, бизнес гэж ярьдаг байсан бол одоо гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарч, хүмүүс ч их хичээллэдэг болсон. Мөн бодибилдинг бүх спортын суурь болж өгдөг. Жишээ нь бөх, бокс, оюуны спортоор хичээллэж байгаа хүмүүсийн ерөнхий суурь нь болдог гэж хэлж болно.
-Та бодибилдингээр хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Миний хувьд дөрвөн жил хичээллэж байна. Он гараад тав дах жилийнхээ нүүрийг үзнэ. Намайг ер нь залуу тамирчин гэж үздэг. Тэгээд харьцангуй хурдан хугацаанд амжилтад хүрсэн. Мэдээж амжилтад хүрэхийн тулд бусад хүмүүсээс илүү олон цаг бэлтгэл хийж, энэ спортод зав цаг их гаргаж байж амжилт гаргасан.
Ар гэрийн амьдралыг жаахан орхиж ажил төрлөө хойшлуулна. Энэ спортоо ажил болгож байж амжилтад хүрч байгаа юм. Тэгэхгүй бол ажил хийнэ, ар гэрийн ямар нэгэн асуудалтай хүмүүс хажуугаар нь бэлтгэл хийнэ гэхээр маш их хугацаа шаарддаг.
-Бодибилдинг дотроо сонирхогчдын болон мэргэжлийн гэж байдаг. Энэ хоёр нь ямар ялгаатай вэ ?
-Бодибилдингийн хамгийн оргил хэсэг буюу олимпын эсрэг тэмцээнүүд байдаг. Энэ нь дотроо сонирхогчдын болон мэргэжлийн гэж хоёр ангилагддаг юм. Эхлээд сонирхогчдынхоо тэмцээнд ороод дараа нь мэргэжлийн тэмцээнд орох картаа авах гэсэн ялгаатай.
Мөн сонирхогчдын тэмцээнүүдэд төрийн далбаагаа мандуулдаг юм. Мэргэжлийн болоод ирэхээр төрийн дуулал эгшиглэж далбаа мандуулна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн хоорондоо мөнгөө тавиад өрсөлдөөд мөнгөн шагнал авна гэсэн үг.
-Та сонирхогчдын бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа дараалан түрүүлсэн, Азийн хошой аварга хүн. Өөрийн тань цаашдын зорилго юу вэ?
-Бодибилдинг, фитнессээр хичээллэдэг тамирчдад насны хязгаар гэж байхгүй. Хэдэн ч нас хүртлээ хичээллэж болдог. Мэдээж хамгийн оргил болох мэргэжлийн түвшинд амжилт үзүүлнэ гэж боддог. Мөн олон тамирчдад өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ зааж өгөх сонирхолтой учраас тамирчид бэлтгэх зорилготой байгаа.
-Сонирхолтой ярилцлага хөврүүлсэн танд баярлалаа?
-Намайг зорин ирж ярилцлага авсан өөрт тань ч гялайлаа. Танай уншигчдад бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж залуу насаа удаан хадгалаарай гэж ерөөе.
Эх сурвалж: Өглөөний сонин