Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц болон сурагчдын амралтын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хичээлийн жилийн бүтцийг урьдчилан зарлаж, бэлтгэл хангахад анхаарч буйгаа онцоллоо. Мөн “Аз жаргалтай нэгдүгээр сар” хэмээх хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдсан юм.
Нийслэл, орон нутгийн ялгаа
Хичээлийн жилийн бүтэц нийслэл болон орон нутагт ялгаатай байх бөгөөд нийслэлд агаарын бохирдол, түгжрэлийн улмаас хөдөө орон нутгаас 7 хоногийн зөрүүтэй амрахаар зохицуулсан. Гэхдээ хичээл эхлэх хугацаа адилхан байх аж.
Шинэ бүтцийн онцлог
- 2024-2025 оны хичээлийн жил 3 улирлын бүтэцтэй байж, бага ангийн сурагчид 1 сар амарсан. Энэ нь томуу, ханиадны дэгдэлтийг бууруулах зорилготой байсан бөгөөд Улаанбаатар хотын цаг агаарын хүйтэн нөхцөлтэй уялдуулан хэрэгжүүлжээ.
- 2025-2026 оны хичээлийн жилд мөн 3 улирлын бүтэцтэй үргэлжлэх бөгөөд бага сургуулийн сурагчид 12 дугаар сарын 15-наас 1 дүгээр сарын 26-ныг хүртэл 6 долоо хоног амрах зохицуулалттай болсон.
- Энэхүү зохицуулалт нь ханиад томууны дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, мөн нийслэлийн замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж Боловсролын яам үзэж байна.
- Зуны амралт 7 хоногоор хойшлох өөрчлөлт орсон.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам.