Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхел Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ.
Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхел ийнхүү Монгол Улсад ирэх юм. МХБХ-ны энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан билээ.
Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд түүхэндээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан амжилтыг 2018 онд үзүүлсэн. Мөн дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байсан “ОХУ-2018” хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө Дэлхийн аваргын “Алтан цом” Монголд ирсэн зэрэг томоохон үйл явдлууд энэ онд тохиосон.
Тиймээс хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ жилээс жилд өргөжиж, дэлхийн домогт одуудыг Монголын үзэгчидтэй уулзуулах боломжийг нээж өгдөг уламжлал тогтжээ.
Дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхел хүндэт зочинтой Монголын шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна.