Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-24-нд явагдаж байна. Монгол улсын шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэг 54 кг-ын жинд хүрэл медалийн төлөө тулалдаж Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг 5:0 харьцаагаар илүүрхэн ялснаар хүрэл медалийн болзол хангаж, Дэлхийн медальтан болсон Монголын анхны эмэгтэй боксчин болж түүхийн шинэ хуудас нээлээ.
М.Нандинцэцэг нь Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, боксын ОУХМ тамирчин юм.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-д Монголын шигшээ багийн долоон тамирчин өрсөлдсөнөөс таван өдрийн дараах байдлаар 54 кг-ын жинд өрсөлдсөн М.Нандинцэцэг ганцаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Манай тамирчин мөнгөн медалийн төлөө өнөөдөр орой Болгарын боксчин Стойка Петроватай тулалдана.
Түүний өрсөлдөгч Стойка Петрова нь 2016 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2014 оны Европын аварга, “Лондон 2012” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт тамирчин юм. Ялалт байгуулвал маргааш алтан медалийн төлөө тулалдана. Ингээд боксчин М.Нандинцэцэгтээ амжилт хүсье.