Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод 2019 оны гуравдугаар сарын 02-12-нд болно. Энэхүү наадамд спортын 4 төрөлд манай улсаас 15 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Спортын 11 төрлөөр медалийн эздээ тодруулах энэхүү дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд 5000 волентёр буюу сайн дурын хөтөч нарыг сонгон ажиллуулах юм. Өмнө нь энэ их наадам 2017 онд Казахстан улсын Алматы хотод болж байсан юм. Энэ удаагийн XXIX өвлийн универсиад наадамд Монгол улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Япон дасгалжуулагчтай монгол охин өрсөлдөхөөр бэлтгэж байна.
Мөн орон зай баримжаалах цанын тэмцээн, шорт трейк, цана гэсэн 4 төрөлд манай улсаас 15 тамирчин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын Оюутны Спортын холбооноос баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Универсиад нь Олон Улсын оюутны спортын холбоо (FISU) -ын удирдлаган дор зохион байгуулагддаг олон улсын спортын тэмцээн юм.
"Универсиад" нэр нь "Их сургууль", "Олимпийн" гэсэн үгнээс гаралтай. Оюутны тэмцээн хоёр жил тутам болдог оюутан тамирчдын дундах томоохон өрсөлдөөн юм. Их дээд сургуульд суралцдаг 17-25 насны оюутан тамирчид дэлхийн универсиад наадамд оролцох учиртай. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадам анх 2012 оноос эхлэлтэй. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадмын бэлгэ тэмдэг буюу маскот нь U-Laika юм. Энэ нь 2019 оны Универсиадын Красноярскийн сахиус юм. Энэ бол үнэнч, нөхөрсөг, баяр баясгалан, мөнхийн энергийн бэлгэдэл юм. 2021 онд Швейцарь, 2023 онд АНУ дэлхийн оюутны өвлийн универсиад наадмыг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан байна.