“Алтан бөмбөг” шагналыг 1994 онд хүртсэн Болгарын нэрт хөлбөмбөгчин Христо Стоичков ФИФА-д ажиллах явцдаа ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн эзэмшилд буй Софи хотын ЦСКА клубийн хувьцаагаа клубийн эзэнд бэлэглэжээ.
“ФИФА-гийн Дорнод Европ дахь төслүүдийг хариуцан ажиллана уу гэсэн урилгыг Жанни Инфантиногоос хүлээн авлаа. ФИФА бол бидний хайртай хөл бөмбөгийн спортын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байгууллага. Энд бүх зүйл илт тод, шударга байх учиртай” хэмээн Стоичков Фэйсбүүк нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байв.
ФИФА-д ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийхийн тулд өөрийн хувьцааг ЦСКА-гийн одоогийн эзэнд бэлэглэхээр шийдвэрлэснээ тэрбээр дурдаад “ФИФА-гийн дүрэм журмыг би биелүүлэх ёстой, гэхдээ намайг их хөл бөмбөгт оруулсан хайртай клубтэйгээ үргэлж холбоотой байж, чадах бүхнээрээ туслах болно” гэж Стоичков амлажээ.
Өдгөө 58 настай Стоичков ЦСКА багт 1984-1990 онд тоглож байхдаа Болгарын аваргаар 3 удаа, Болгарын цомын аваргаар 4 удаа шалгарч байсан юм. 1991 онд “Барселона”-д шилжин ирж тоглосон тэрбээр Испанийн аварга ба цомын аваргаар тус бүр 4 удаа шалгарч байв. Мөн УЕФА-гийн Супер цомыг 2 удаа хүртэж, Европын аваргуудын цомын ба Цомтой багуудын цомын тэмцээнүүдэд тус бүр 1 удаа түрүүлжээ.
Тэрбээр Италийн “Парма”, Саудын Арабын “Аль-Наср”, Японы “Кашива Рейсол”, АНУ-ын “Чикаго Файр”, “Ди Си Юнайтед” багуудад тоглож байгаад 2003 онд тамирчны замналаа дуусгажээ.
Х.Стоичков 1987-1999 онд Болгарын шигшээд тоглох хугацаандаа 87 тоглолтод оролцож, 37 гоол оруулсан байна. Түүний амжилтын оргил нь 1994 онд АНУ-д болсон ДАШТ-ний үеэр тохиосон бөгөөд Болгарын шигшээ хагас шигшээд шалгарч, тэрбээр 6 гоол оруулснаар Оросын хөлбөмбөгчин Олег Саленкогийн хамтаар шилдэг довтлогчоор шалгарч байлаа.