Жүдо бөхийн ээлжит гранпри тэмцээн өчигдөр Нидерландын Гааг хотод эхэллээ. Энэ тэмцээнд 66 орны 443 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар хоёул медалийн тавцанд зогсож, ээлжит амжилтаа үзүүллээ.
Д.Амартүвшин Болгар, Сири, Бразилын бөхчүүдийг ялж, “С” хэсгийн аварга болсон. Г.Болдбаатар АНУ, Нидерланд, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсноор мөн хагас шигшээд үлдэхэд Д.Амартүвшинтэй барилдах болсон юм. Энэ барилдаанд Д.Амартүвшин ялалтыг авч улмаар Японы Аоки Даиг ялснаар аваргын алтан медаль хүртсэн.
Г.Болдбаатар Бразилын бөх Китадай Фелипийг ялж хүрэл медалийн тавцанд зогслоо. Ийнхүү Нидерландын тэмцээний эхний өдөр барилдсан манай бөхчүүдээс 2013 оны ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин алт, 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн юм.