Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн маргааш Фүкүока хотод эхэлнэ. Энэ оны сүүлийн тэмцээн болох Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжихөөр болсон байна. Аваргуудаас Кисэносато барилдахаар болсон бөгөөд түүнд түрүүлэх боломж бий. Мөн япон аварга ганцаараа башёг тэргүүлж байсан нь 2003 оны Таканоханагаас хойш 15 жилийн дараа болж байгаа үйл явдал тохиож байгааг японы хэвлэлүүд онцолсон байна.
Хакүхо М.Даваажаргал аравдугаар сарын тойргийн барилдааныг бэртлийн улмаас өнжиж, улмаар өвдөгний гэмтлийн улмаас хагалгаанд орсон юм. Хакүхог энэ сарын башёд зодоглоно гэж үзэгч олон хүлээж байсан ч тэрбээр шийдвэрээ гаргаж,өнжихөөр болж. Мөн Какүрюү М.Ананд шагайн гэмтлийн улмаас бэлтгэлээ бүрэн хийгээгүй тул энэ башёг өнжихөөр болжээ.
Кюүшюү башё арваннэгдүгээр сарын 11-25-ны хооронд болно.