Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр дэлгэгдэж байгаа юм. Үзэсгэлэн насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн ангилалд болж байна.
Сурагчдын бүтээлийн ангилалд Монгол Улсаас 104, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын үзэсгэлэнд шалгарсан шилдэг бүтээлийн эзэн болсон багачуудад шагнал гардуулж, баяр хүргэсэн юм.
2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохион байгуулж буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн насанд хүрэгчдийн ангиллын бүтээлүүд Монголын Уран зургийн галерейд дэлгэгдсэн байна.
Ерөнхийлөгч сурагчдын шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа