Олон улсын сонирхогчдын боксын холбооны чуулган ОХУ-ын Москва хотод боллоо. Энэ үеэр тус холбооны шинэ тэргүүнийг сонгох санал хураалт болж түр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Узбекистаны Гафур Рахимов шинэ тэргүүнээр сонгогдлоо.
AIBA-гийн ерөнхийлөгчид Гафур Рахимов, дэд тэргүүн, Азийн боксын холбооны Ерөнхийлөгч Казахстаны Серик Конакбайев хоёр хоорондоо өрсөлдсөн юм.
Хэдийгээр Гафур Рахимовыг сонгогдвол сонирхогчдын боксыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас олимпоос хасах хүртэл арга хэмжээ авна гэж байсан ч AIBA-гийн удирдах зөвлөлийн гишүүд үл тоон түүнийг сонголоо. Гафур Рахимов нийт 134 саналаас 86-г нь авснаар шинэ тэргүүнээр томилогдлоо.
Цагтаа боксчин, дасгалжуулагч байсан Гафур Рахимов 1995 оноос өнөөг хүртэл AIBA-д дээд албан тушаал хашиж буй нэгэн. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш түр тэргүүнээр ажиллаж байсан түүнийг АНУ-ын Сангийн яам мөнгө угаасан хэрэгт буруутгаж, хар жагсаалтад оруулсан билээ. Харин узбек эр өөрийгөө буруугүй гэж үздэг, одоогоор нэрээ цэвэрлэхээр шүүхэд хандаад байгаа юм.
Харин одоо ОУОХ ямар арга хэмжээ авахыг хараад суух үлдэж байна. Удахгүй буюу энэ сарын 30-наас арванхоёрдугаар сарын 2-нд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд Токио хотод дахин хуралдах юм.