Өчигдөр Абу Даби хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээн эхэллээ. Тэмцээний эхний өдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний чансааг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд Бельгийн Анна Софи Жураг вазари үнэлгээгээр ялжээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Португалийн Катарина Костаг 40 секундэд даралтаар цэвэр ялсан бол хагас шигшээд Унгарын Эва Серновицкиг 2:10 минутад цэвэр яллаа. Харин аваргын төлөө Косовогийн Дистриа Красничитэй хүч үзэж 3:45 минутад даралтаар цэвэр ялж, алтан медаль хүртлээ.
Түүний өрсөлдөгч Дистра Красники 22 настай. Энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдаж байсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентинийн Паула Паретог ялсан юм.
М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртэж байна.
М.Уранцэцэг Абу Дабид түрүүлснээр чансааны 800 оноо авч, дэлхийн чансааг дахин тэргүүлэх боломжтой боллоо. Мөн тэрбээр IJF-ийн 19 дэх тэмцээндээ түрүүллээ.