Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудастаа мэдэгдэл хийжээ. Тэрээр "Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР...гарсан байна.
Ойлгосонгүй бас итгэсэнгүй.
Надад гавъяа шагнал хэрэггүй ш дээ.
Бодит байдал
Одоогоос гурван жилийн өмнө буюу
2015 оны есдүгээр сарын 25-ний өдөр
Жүдо бөхийн холбооны өрөөнд нарийн бичгийн дарга М. Бөхбат, ахлах дасгалжуулагч О.Балжинням багш хоёр бэлтгэлийн өмнө намайг дуудаж,
“Чи Монголын жүдод хэрэгтэй байна, барилдангаа багшилсан нь дээр” гэж санал тавьсан юм. Энэ талаар бодож үзээд
“Ямар ч байсан багшилъя.
Багш, дасгалжуулагч болоход биеэ бэлтгэе. Судлая. Харин наана нь 1-2 тэмцээнд оролцъё.
Спортын замналаа ялагдлаар дуусгахыг хүсэхгүй байна” гэдгээ хэлсэн.
Тэр хоёр ч зөвшөөрсөн. Гэтэл бэлтгэл дээрээ орж иртэл хэвлэлийнхэн ирчихсэн байв. Нарийн бичиг М.Бөхбат орж ирснээ тамирчдыг жагсааж, “Манай Х.Цагаанбаатар өнөөдрөөс багшийн эгнээнд шилжиж байна. ЗОДОГ ТАЙЛЖ байгаа” гэж шууд зарласан. Би тухайн үед маш их гайхаж, сэтгүүлчдийн асуултад “Чаддаг зүйлээсээ тамирчдадаа, дүү нартаа зааж өгнө” гэж хэлсэн байдаг.
Ер бол намайг иймэрхүү байдлаар жүдо бөхөөс дэвшүүлэн зайлуулсан.
Мэдээж намайг тамирчны хувиар дахиж нэг ч тэмцээнд явуулаагүй. Оролцохоор төлөвлөж байсан сүүлийн хоёр тэмцээн, дэлхийн дэвжээн дээр зодог тайлах хүсэл минь талаар болсон. Хэдийгээр энэ бодол маань биелээгүй ч амласан ёсоор би багш, дасгалжуулагчийн үүргээ биелүүлж эхлээд байсан. Гэтэл орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар тамирчны цалинтайгаа бүтэн жил ажиллалаа. 2016 он дуусах үед шигшээ баг бүрдүүлэх гэж нилээн юм болж байж журам гаргасныг санаж байгаа байх. Шинэчилсэн тэр журман дээрээ шигшээ баг дээр спорт холбоод өөрсдөө сонгон шалгаруулт зарлаж, багш нараа сонгоно гэсэн заалт оруулсан байсан.
Багш, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулахдаа
1.Дасгалжуулагчийн онол
2. Компьютерийн энгийн хэрэглээний программ дээр ажиллах чадвар
3. Анагаах ухааны мэдлэг
4. Хэлний мэдлэг зэргийг харгалзана гэж заасан байдаг юм. Ийм 4 шалгуур үзүүлтээр шалгалт авсан. Би оролцсон. Жүдо бөхийн тухайд 8 багш өрсөлдсөний тавыг нь шигшээ багт авна гэж байсан юм. Шалгалтыг Үндэсний биеийн тамирын Дээд сургууль дээр авч, дүнг танилцуулахад миний бие оноогоор гуравт жагссан байлаа.
1. О.Балжинням
2. Х.Эрдэнэт-Од
3. Х.Цагаанбаатар
4. н.Эрдэнэбат
5. Д.Баттулга
6. Г.Дашдаваа
7. Ш.Цэвэлмаа
8. Ц.Шийрэв
Гэтэл холбооны Хяналтын зөвлөлийн дүрэмд нийцүүлж, оноо өгнө гэснээр Хяналтын зөвлөл дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад нөлөөлж эхэлсэн. Монголын жүдо бөхийн Хяналтын зөвлөлд Б. Пагва, М. Бөхбат, Ж.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Ш.Баясгалан, н.Билэгт ( үндэсний шигшээ баг ) нарын хүмүүс багтсан.
Тэдний тайлбарласнаар дээрх шалгалт дасгалжуулагчийг сонгох гол үзүүлт болохгүй, сонгох шалтгааны 20 хувийг эзлэх болсон.
Өөрөөр хэлбэл, шигшээ багийн Ахлах дасгалжуулагч нь
-Өндөр зэрэглийн тамирчинтай сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байна
-Хууль эрх зүйн мэдлэгтэй байна
-Ёс суртахуун, хүний эрхийг хүндэлдэг байна гэхчлэн шалгуур үзүүлэлт тавьж, тус бүрт нь 0-20 оноо өгөх байдлаар үнэлэн, намайг сонгон шалгаруулалтаас үндсэндээ хассан.
Жич: Сүүлийн 3 жил өндөр зэрэглэлийн тамирчинтай ажилласан байх гэсэн үзүүлэлт үнэндээ шалтаг
Тамирчид бид насаараа өндөр зэрэглэлд бэлтгэлээ хийж, өндөр зэрэглэлийн тамирчинтай ажиллаж өрсөлдөж ирсэн шүү дээ.
Тэгээд ч би ямар ахлах дасгалжуулагч болно гэсэн биш дээ. Туслах дасгалжуулагчаар ажиллахыг хүссэн.
Тэд зөвшөөрөөгүй.
Надад тухайн үед багш дасгалжуулагч болоход нас хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрсөн. Гэтэл яагаад Жудо өндөр хөгжсөн орон сайн тамирчидаа татамигаас буунгуут шууд багш болгоод байна.
Яагаад гэвэл тэд, Дасгалжуулалтын онолын нэг чухал хичээл болох загварчилсан хичээлийг биеэр бодитоор үзүүлдэгт оршдог.
( Үүнд мэх техник барьц барилдааны арга барил цагын хувиарлалт ) зэрэг багтана.
Яг тэр үед БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох нар “Х.Цагаанбаатар аа,
чи Монголын жүдо бөхөд хэрэгтэй. Залуучуудаа сургамаар байна.
Тамирчны халуун дээрээ байгаа чадвар, туршлагаа шигшээ багт зориулах хэрэгтэй” гэж зөвлөсөн.
Нэгэнт жүдогийн хаалгыг чимээгүй хаах, залуучуудаа шууд орхиж явах хүсэл, бодол надад байгаагүй болохоор жүдо бөхийн Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах саналыг би хүлээж авсан. Тэд надад итгэж, залуучуудын шигшээ багийн багш болгосон.
Залуучуудын шигшээ багт
1. Л. Сосорбарам 52кг
2. Л. Энхрийлэн 57 кг
3. Б. Ганхайч 63 кг
4. Э. Гандиймаа +78 кг
5. Ж. Амарболд 60 кг
6. Ц. Цогтбаатар 73 кг
7. Б. Амартүвшин 60 кг
8. С. Баяртүвшин 73 кг эдгээр тамирчид багтсан болно. Тэд 360 000 төгрөгийн цалинтайгаар, миний бие 480 000 цалинтайгаар залуучуудын шигшээ баг бүрдсэн.
Тэдгээр тамирчид шигшээ баг дээр мэдээж хамтдаа л бэлтгэлээ хийсэн. Миний бие тодорхой хэмжээгээр тэд нартайгаа ажилласан.
Харин гэтэл
Энэ үеэр намайг Жүдо бөхийн холбоо “Урилгагүй зочин” гэж харж эхэлсэн бололтой. Спортоо, хамт олноо, жүдо бөхийн нэр хүндээ хамгаалж хайрлах үүднээс би олон зүйл дээр дуугүй өнгөрч ирсэн. Тэвчиж байсан.
Сүүлдээ байнга ад шоо үзэгдэх болсон. Гэхдээ миний дүү нар, шигшээгийн залуус нэг нь ч гэсэн амжилт гаргаасай.
Өөрийн чаддаг нэг ч гэсэн зүйлийг зааж өгөх юмсан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдрийг хүртэл ажилласан.
Тодорхой хэмжээнд үр дүн гарсан гэж бодож байгаа.
БШУСЯ-ны бодлого зохицуулалтын газар болон БТСГ-ын хамтарсан журам шинэчлэгдсэнийг спортын хүрээний мэдсэн байх. Түүгээр,
1. Шигшээ багийн багш дасгалжуулагч тамирчдыг холбоо сонгоно.
2. Улсаас спортод зориулж буй, мөнгийг холбоо захиран зарцуулна
3. Улсаас өгч буй тамирчдын цалинг холбоо дансаараа авч, тамирчид, багш нартаа олгоно гэхчлэн олон зүйл өөрчлөгдсөн. Харамсалтай нь, энэ өөрчлөлтөөс болоод захаасаа зарим спорт холбоод тамирдынхаа цалинг тавихгүй удаах, нийгмийн даатгалыг нь хоцроож төлөх зэрэг асуудал байнга гардаг болсон.
Үүссэн нөхцөл байдлаас харахад,
Монголын Үндэсний шигшээ баг биш, Монголын жүдо буудлага чөлөөт бөхийн холбооны шигшээ баг болон хувирч байна. Ингэж спорт холбоод нь бүхнийг шийдэх бүрэн эрхтэй болсон юм бол БТСГ, Үндэсний шигшээ багийн алба гэж байгаад оршин тогтноод яах юм бэ... Энд олон хүний хөлс хүч, ажлын байр, хэмнэлт, эрх ашиг гээд олон зүйл хөндөгддөг.
Энэ бүхнийг би шүүмжлэх үедээ шүүмжилж, тамирчид, дасгалжуулагчдынхаа эрх ашигт хэрэгтэй санааг хэлж ирсэн.
Гэсэн ч эцэст нь Монголын жүдо бөхийн холбоо намайг шигшээ багийн дасгалжуулагчаасаа ХАЛАХ ШИЙДВЭРЭЭР хариу барилаа.
НЭГ Л САНАЛ БАЙНА.
Тамирчдын амжилт гаргах нас, цаг хоёр богинохон шүү.
Хүн бүрийн бие организмд тохирсон,
эрдэм шинжилгээ, анагаах ухаанд суурилсан, судалгаанд тулгуурласан,
орчин үеийн онол практик хосолсон бэлтгэл, сургуулилалтын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, баг тамирчдаа бэлтгээрэй дээ.
Одоо наад Ханжимей Матей буюу ALL бэлтгэлээ болих хэрэгтэй.
Хэдий болтол шүглийн өмнөх дараах гэсэн бэлтгэл хийж хэр хол явах гэсэн юм бэ?
48 кг тамирчин +100 кг-ын тамирчин хоёрын булчингийн ажиллах чадвар, авч байгаа ачаалал, бие организм, биеэс шатаж байгаа өөх, биеэнд үүсэж буй креатинфосфат АТФ гэх мэт зүйлс,
хүний биоритм энэ бүгд тэс өөр ялгаатай шүү дээ.
Яагаад нэг нь сайн, нөгөө нь муу барилдаад байна... Адилхан зайд гүйж, адилхан хугацаагаар барилдааны бэлтгэл хийгээд байхаар тодорхой биз дээ.
Судалгаа зорилго зорилт хэрэгжүүлэх механизм хүрэх үр дүн гэх мэт зүйлс нь тодорхой бус болохоор аргагүй шүү дээ.
Сүүлийн үед гарч байгаа амжилтын үндэс нь бие бялдар буюу хүчний бэлтгэлийг тусдаа, өөр өөр газар хийж, мэргэжлийн багштай ажиллаж байгаатай шууд холбоотой шүү.
Би өөрийн үзүүлж чадаагүй амжилтдаа дүү нараа хүргэх хүсэлтэй явж ирсэн.
Одоо нэгэнт би Монголын жүдод хэрэггүй болсон юм бол өмнө олон удаа хойш тавьж ирсэн өөр улсуудын саналыг хүлээн авахдаа бэлтгэе дээ.
Монголын ард түмэн, Монголын төр жүдо бөхийн спортод үзүүлсэн олимп, дэлхийн амжилтыг маань үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.
Энэ үүднээс харахад би одоо жүдотой, жүдогүй амьдарч болох юм шиг санагдах байх.
Тийм ээ, би шигшээ багийн дасгалжуулагчийн алба, эрх мэдэл,
480 мянган төгрөгийн цалинд шунаагүй.
Би өөрийгөө энэ спортод өртэй, залуу үеэ бэлтгэх боломжтой гэж үнэн сэтгэлээсээ бодож, өөрөөсөө үүнийг шаардаж ирсэн...
Монголын маань шигшээ баг хүлээн аваагүй ч би жүдогийн гэр бүлээс явах болоогүй ээ. Залуу нас, амьдралаа тэр чигт нь зориулсан жүдо бөхийн татами дээр тамирчин байхдаа би том мөрөөдөлтэй байсан. Татамиас буугаад харин олимп, дэлхийн медальтан бэлтгэх дахиад нэг мөрөөдөлтэй болсон. Үүнийгээ би биелүүлэхийн төлөө явна.
Эцэст нь хэлэхэд, ноён М.Бөхбат аа, ард түмний минь хайртай, Монголын жүдо бөх нүдэн дээр бутарч байна.
Унаж байна залгамж халаа залуу тамирчид үгүйлэгдэж байна.
Зохион байгуулалт, дэг журам, хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй байна.
Хэлэхийг хүсэж байгаа ч чадахгүй яваа олон хүний өмнөөс би үүнийг дамжуулчихъя.
Тэр хүмүүс өөрийг тань биш хайртай спортоо бас Ерөнхийлөгчөө хүндлээд чимээгүй явдаг юм шүү.
Дарга тэгсэн, дарга ингэсэн гэдэг наад худлаа хүний нэр барьж, бусдыг айлган дарамталдаг зангаа болих хэрэгтэй.
Холбооны удирдлага, багш нарын хооронд худал ярьж, мэлздэгийг чинь нэг бус удаа тэвчлээ. Хамгийн цаад зах нь Хэн ямар тэмцээнд орох нь тодорхой байх ёстой. Тэгж байж тамирчид тухайн тэмцээндээ хариуцлагатай бэлтгэнэ.
Тэмцээнд анхнаас нь бэлтгэсэн тамирчнаа бас оруулж сур.
Бүх юмыг нууцын зэрэглэлтэй хийдэгээ одоо болих ёстой.
Би үүнийг өөрийнхөө төлөө бус өрөөлийн төлөө, Амжилт өөд тэмүүлж яваа тамирчдынхаа төлөө хэлж байна. Эхлээд тоглоомынхоо дүрмийг тохирчих, тэгээд дүрмийн дагуу тогловол хэн хэндээ амар байх.
Арабын нэгдсэн Эмиратын нэр дээр барилдах гэж байсан тамирчид яагаад гэнэт болив? Билет, виз нь ирчихсэн байхад тэд яагаад нисэх онгоцны буудлаас гэр рүүгээ буцав??? Энэ хүүхдүүд бүтэн жил тэмцээн, уралдаанд ороогүй.
Цалин ч байхгүй, хохирч үлдлээ.
Дахиад хэлье. Жүдочдод онол арга зүйн үндэстэй, эрдэм шинжилгээ, судалгаа, спортын ангагаах ухаан, онол практик хосолсон ОРЧИН ҮЕИЙН ЖҮДОГИЙН сургалт, дасгалжуулалт хэрэгтэй байна. Хэдэн тамирчдынхаа унаган авьяасан дээр тогтож байгаа энэ дасгал сургуулилтынхаа арга барилыг одоо өөрчил.
Хичнээн хичээгээд хоцрогдоод байна.
Болохгүй бол гадаадаас мундаг багш нарыг урьж авчирч багшлуулаад, залуу дасгалжуулагч нараа дагуулаад сурагчих л даа.
Жүдо бөхийг сонгосон энэ спортод амьдралаа зориулж яваа дүү нар минь ээ, 2020 он ойртлоо.
Бэлтгэлээ дээд зэргээр хийгээрэй.
Сурч болох бүхнийг өөрийгөө дайчилж сураарай. Амжилт-ялалтад заавал хүрээрэй.
Токиогийн олимпод амжилт хүсье.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
Хүндэтгэсэн
ЖУДО бөхийн
Дэлхийн Аварга,
Олимпийн наадмийн хүрэл медальт
Дэлхийн Аваргын хүрэл медальт
Азийн наадмын Аварга
Ази тивийн хошой Аварга
Зүүн Азийн Аварга
Оюутаны Дэлхийн Аварга
Самбо бөхийн Дэлхийн хошой Аварга
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар гавъяат тамирчин
Хашбаатарын Цагаанбаатар” гэжээ.