Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу урд шөнө эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Очирбатын Насанбурмаа барилдаж, мөнгөн медаль хүртсэнээр Монголын спортын түүхэнд нэгэн шинэ амжилтыг тогтоолоо.
Очирбатын Насанбурмаа ДАШТ-ээс гурван хүрэл медаль хүртээд байсан бол энэ жил мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний хувьд гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн тамирчдаас анхдагч нь болж байна.
Очирбатын Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд ДАШТ-ий хүрэл медальт Канадын Жюстина Ди Стасиотод ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Өдгөө 29 настай тамирчин бүсгүй өнгөрөгч наймдугаар сард Азийн наадамд 76 кг-ын жинд өрсөлдөн шагналт тавдугаар байрыг эзэлсэн байсан билээ. Түүний хувьд жин өөрчлөн барилдаж Будапештийн дэвжээнд дахин өөрийгөө харуулж, дэлхийн аваргын төлөө барилдлаа.
О.Насанбурмаа гурав дахь хүрэл медалиа 2013 онд Будапештийн дэвжээнд авч байсан бол ийнхүү таван жилийн дараа финалд шалгарлаа.
Манай тамирчдаас Гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 удаа ДАШТ-д оролцож, бас нэгэн түүхэн амжилт үзүүллээ. Тэрбээр “Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”-ын дэвжээнд өрсөлдөн нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл (2)