Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо өнгөрсөн баасан гаригт эхэлсэн билээ. Монголын тамирчдын медалийн салхийг Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалиар эхлүүллээ.
Эрэгтэй 61-ын жинд өрсөлдсөн Т.Түвшинтулга өчигдөр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Бека Ломтазег 6:3-аар ялж, ДАШТ-ий хүрэл медальтан боллоо. Т.Түвшинтулга эхний барилдаанд Кыргызстаны У.Жолодошбековыг 8:6-аар ялсан ч ОХУ-ын Г.Рашидовт 2:1-ээр ялагдсан. ОХУ-ын бөх Рашидов Энэтхэг, Гүржийн бөхчүүдийг дараалан ялснаар манай бөхөд дагаж барилдах боломжтой болсон юм. Ингээд Т.Түвшинтулга өчигдөр болсон дагах барилдаанд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-оор хожин Гүржийн Б.Ломтазег 6:3-аар ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.
Т.Түвшинтулга энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, улмаар наймдугаар сард сонгон шалгаруулалтад эрхээ баталгаажуулж, ДАШТ-д гурав дахь удаагаа оролцох болсон аж. Түүний багш О.Пүрэвбаатар ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд багш, шавь хоёрын амжилт Будапешт үргэлжилж, дэлхийд данстай гэдгээ харуулж чадлаа.
Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Манай эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр бөх барилдах бөгөөд тэмцээн Улаанбаатарын цагаар 16:30-с эхэлнэ.