x

Хүүхэд насны тухай өгүүлэх шилдэг 10 кино

Бяцхан дүү нартаа зориулан "хүүхэд насны тухай өгүүлэх шилдэг 10" киног өөрийнөө үзсэн хэмжээнд жагсааснаа оруулж байна. Ингэхдээ бүх цаг үеийн хийгээд өрнө, дорно кино урлагаас тэнцүү багтаахыг, хүүхдийн тухай хэт ерөнхий бус хүүхэд насны тухай сэдэв бүхий кинонуудыг багтаахыг зорилоо. Ж.Тэгшзаяа

1. Бид хамгаас шилдэг (We are the best, 2013)

We-Are-the-Best-Movie

Шведийн орчин цагийн кино урлагийн онцгой найруулагч Лүкас Мүддиссоны сүүлийн бүтээл “Бид хамгаас шилдэг” кино хүүхэд насны тухай өгүүлэх шилдэг киноны эхэнд нэрлэгдэж байна.

Гартаа ганц удаа хөгжмийн зэмсэг барьж үзээгүй арван жилийн сурагч хоёр охин Панк-рок хамтлаг байгуулахаар шийднэ. Цөм л панк-рок үеэ өнгөрөөсөн гэх боловч зөрүүд, тэрсүүд өсвөр насны хоёр охин гүрийсээр. Энэ л хүүхэд насны өөрийнхөөрөө, тэрсүү боловч гэгээлэг чанараас үүдэж нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, амьдрал дундуур өөрөөсөө урвалгүй, хэн нэгний бүтээсэн хиймэл дүрд хувиралгүй мөн чанараа бэдрэх зэрэг нандин чанарууд охидын дотор алгуурхнаар төлжиж буйг үзэх хэн хүнд таатай, тэрсүүд урам зориг төрнө. Найруулагч Лукас Мүдиссон нэгэнтээ “Хүүхдүүд ихэвчлэн нийгэмд нийцэх гэж хүсдэг нь тийм ч тааламжтай зүйл биш. Ер нь орчин үеийн хүмүүс дэндүү их зүйлд дуртай, байнга толгой дохиж хүлээн зөвшөөрөх хандлагатай, гэтэл энэ бол ердөө нийгэмд нийцэх л гэсэн хүсэл. Заримдаа хүнд тухайн хүнээс өөр хэнд ч хамаагүй, хэнд ч ойлгогдохгүй, юунд ч нийцүүлж, хэлтэлж өгөхгүй өчүүхэн хэсэг байх нь чухал. Тэрийг л би ихэнх бүтээлдээ гаргах гэдэг. Магадгүй киноноос гадна шүлэг бичих юм уу шүлэг унших нь энэ хэнд ч хүртээлгүй тэрс үйлдлийн нэг байж болох юм” гэж хэлсэн удаатай. Орчин цагийн хүүхдүүдийн үнэт зүйл-өөрийнхөөрөө байх тухай хэчнээн хүүхдэрхэг, гэгээлэг байдлаар гаргасныг тус киноноос үзэж болно.

2.Миний хөрш Тоторо (My Neighbor Totoro, 1988)

p2yfO8o9lpegOu3w3gXMljPGGkP

Хаяо Миязаки бол энэ цаг үеийн кино урлагийн нэгэн сод үзэгдэл билээ. Үүнийг бичээч би дулаан инээмсэглэл тодруулсан япон өвөөг хүүхэд насанд  хүргэж өгдөг “Шидэт өвөө” хэмээн хочилдог юм. Түүний цэвэр агаар, цэнгэг булаг шиг бүтээлүүд, хүүхэд насанд хүргэж өгдөг шидэт галт тэрэг шиг анименүүдийг үзэх тоолонд гэгээн сайхан, нигүүлсэл, хайр, хүүхэд насны минь цэвэр төсөөлөл, цоглог, цолгин, сониуч амьсгаа дотор минь бөхчихөөгүй цохилсоор байгааг мэдэрдэг. Тиймээс уншигч та Миязакигийн ямар ч анимег хүүхэддээ үзүүлж болно, өөрөө ч хүүхдийн шидэт ертөнцөөр дураараа аялж болно. “Сүнсээр туугдагсад”, “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ”, “Понио”, “Салхит хөндийн Наусика охин” зэрэг түүний ямар ч аниме шидээвэр. Энэ удаад бид харин Хаяо Миязакийн хамгийн алдартай бүтээл “Миний хөрш Тоторо”-г онцолж байна.

Англи, Оросын хүүхэд багачууд Винни Пухийг хэчнээн хайрладаг билээ Японы хүүхэд багачуудын хувьд Тоторо түүнтэй эн тэнцэхүйц үндэсний хэмжээний хайр татам баатар нь юм. Хөдөөгийн бяцхан сууринд аав, хоёр охиныхоо хамт нүүн ирнэ. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд удаан хугацаагаар эзгүй хойгуур хоёр охин нь ээжийгээ ихэд санан бэтгэрэх боловч хүүхдийн аз жаргалтай, цолгиун амьсгал киноны туршид тасалдахгүй, бороон дунд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа хүлээдэг мөч бол анимегийн түүхэн дэхь хамгийн сэтгэлд хоногшим, өхөөрдөм, шидэт зураглал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

3.Зөгийн үүрний сүнс (Spirit of the Beehive, 1973)

spirit-of-the-beehive

Хүүхдийн төсөөллийг хамгийн яруу бөгөөд сэтгэл түгшим байдлаар дэлгэцнээ буулгасан бүтээл болох “Зөгийн үүрний сүнс” кино Испанийн кино урлагийн бүх цаг үеийн сор бүтээлийн нэгт тооцогддог. Испанийн өргөн уудам тал, тариан талбай, буйд фермерийн тосгон. Ажин, түжин тайван сайх тосгонд нэг өдөр шинэ кино ирэх сургаар хүүхэд, хөгшидгүй хөл хөөр болно. Харин тэрхүү кино нь “Франкштейн” байжээ. Тосгоны охин Анагийн хувьд дэлгэцнээс үзсэн франшкштейн айдсынх нь биелэл болсон мангас болон сэтгэлд нь зурагдаж хоцорно. Ана хэдхэн насны эгч Изабельд өөрийн төсөөллөө ярьж, Изабель ч дүүгийнхээ төсөөлөлд тайлбар хийн хөгжүүлсээр бяцхан Анагийн хувьд Франкштейн улам л бодит болон биежсээр. Сайх кинонд хүүхдийн баялаг төсөөлөл бүхий ертөнцөөс гадна Франкогийн дэглэмийн дараах Испанийн байдлыг зүйрлүүлсэн давхар шугам бий гэдэг. Юутай ч “Зөгийн үүрний сүнс” бол хүүхэд насны тухай өгүүлэх тун онцгой бүтээл юм.

4.400 ташуур (400 blows, 1959)

400-blows-bfi-00m-m1v

Францын шинэ давалгааны гол төлөөлөгч Франсуа Трюффогийн нэрийн хуудас болсон уг кино гагц франц гэлтгүй дэлхийн кино урлагийн түүхэнд мөнхөрсөн зартай бүтээл юм. Томчуудын нүдэнд “бүтэхгүй этгээд” болон харагдах Антуан Дуанел хүү зугуухнаар ял шалихгүй гэмт хэрэг хийн замаа алдаж эхэлнэ. Гэвч үзэгчид хүүгийн ганцаараа байх агшнуудыг харж буй учир түүнийг угтаа ямар хүн болохыг, юуны учир буруу зам руу халтирч буйн учрыг мэдрэх тусам хүүг сэтгэл дотроо эвийлэн, хайрлах биз ээ. Киноны төгсгөлийн сцен хамгийн алдартай. Баривчилгаанаас оргосон Антуан хүү далайн эрэг дээр ирж ус, газар хоёрын дунд, өнгөрсөн, ирээдүй хоёрын заагт зогсоод камер луу буюу үзэгчид руу нэвт шувт ширтээд кино төгсдөг билээ. Хүү анх удаа далай үзэж буй нь энэ.

5.Ойн савдгийн эргүүлэг (Pan’s Labyrinth, 2006)

pans-labyrinth-movie-picture-18

Испанийн кино урлаг уран төсөөлөл, хүнлэг сэтгэл, хүүрнэлийн баялаг өгүүлэмжээрээ илт ялгардаг. “Ойн савдгийн эргүүлэг” кино Испанийн кино урлагийн энэхүү шинж чанарын хамаг л охь шимийг шингээсэн бүтээл гэж болно. Харгис, бараан бодит байдал, төсөөллийн шидэт ертөнцийн эрс тэс зааг ялгааг зэрэгцүүлэн үзүүлэх хэр нь эцэстээ хооронд нь ялгахын эцэсгүй болгон хольж сүлж орхидог нь найруулагч Гильермо Дель Торогийн гайхмаар чадвар. Испанийн иргэний дайны үеийн цэргийн хуаранд Офелиа охин ээжийгээ даган, хойд эцэгтэйгээ амьдрахаар ирнэ. Харгис хойд эцэг, цэргийн хуарангийн бараан амьдрал дундаас Офелиа охин шидэт вант улсыг нээх бөгөөд гурван даалгавар амжилттай биелүүлж чадвал тэрхүү шидэт ертөнцийн гүнж болох болзолтой аж. Тэрхүү шидэт ертөнц үнэхээр оршдог уу, эсвэл харгис бодит байдлаас зугтах гэсэн бяцхан охины хий төсөөлөл үү?

6.Найзын гэр хаана вэ? (Where is the Friend’s Home?, 1987)

FilmArchive11imageja

Британийн кино хүрээлэнгээс (BFI) Ираны домогт найруулагч Аббас Киаростамигийн сайх киног “14 нас хүрэхээс өмнө заавал үзэх шилдэг 10 кино”-ны нэгээр нэрлэж байжээ. Ираны буйд суурины бага сургууль. Мохамед хүү гурван удаа даалгавраа хийгээгүй тул ахин нэг удаа даалгавраа хийхгүй ирвэл сургуулиас хөөнө хэмээн багш нь анхааруулдаг. Мохамедын нэг ангийн сурагч Ахмед гэртээ иртэл цүнхэндээ Мохамедын даалгаврын дэвтрийг санамсаргүй аваад ирчихсэнээ мэддэг. Даалгаврын дэвтрийг нь буцааж өгөхгүй бол Мохамед сургуулиас хөөгдөхийг ойлгосон Ахмед ангийн хүүхдийнхээ дэвтрийг буцаан өгөхөөр гэрээсээ сэмхэн оргож, ойролцоох тосгонд амьдрах найзынхаа гэрийг олж очих замдаа олон содон учралтай таардаг.

7.Гэрэлт цохын булш (Grave of the Fireflies, 1988)

8104257581_61fc2ee2e4

Хаяо Миязакитай цуг алдарт “Жибли” студийг хамтран үүсгэн байгуулсан найруулагч, зураач Исао Такахатагийн оргил бүтээл. Дэлхийн 2 дугаар дайн шувтарч байх үеийн сүүл саруудад өнчирч хоцорсон ах дүүс болох Сейта, Сэцүко нарын дайны хэцүү бэрхийг хамтдаа даван туулж буй сэтгэл өвтгөм түүх. Үзэж дууссаны хойно “Гэрэлт цохын булш” хэмээх нэр нь улам уярам, гашуун санагдах сайх анимег дайны эсрэг хамгийн шилдэг бүтээл хэмээн олонх кино шүүмжлэгч санал нэгддэг билээ. Исао Такахатагийн сайх шидээврийг үзсэн хэний ч болов сэтгэлд гүн хоногшиж үлддэг хүчтэй, уярам бүтээл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

8.Аглаг нутгийн зэрлэг найзууд (Where the Wild Things Are, 2009)

Where the Wild Things Are

Ижил нэрт хүүхдийн номоос сэдэвлэн бүтээсэн кино. 1963 онд анх гарсан сайх хүүхдийн зурагт номын дүр, өгүүлэмж угаас онцгой байсан нь  кино бүтээгчдийн анхаарлыг татаж, тус номыг кино дэлгэцнээ хөрвүүлэх хэд хэдэн оролдлого гарч байсан билээ. Түүнээс хамгийн амжилттай нь энд бидний онцлон буй 2009 онд бүтээгдсэн кино юм. 9 настай, ганцаардмал хүү Макс ээж, аавыгаа салах гэж байгааг мэддэг, нэрмээд сургууль дээрээ ч бусадтай нийцэхдээ маруухан. Энэ бүхний эсэргүүцэл болгон Макс чонын хувцас өмсөж, нохойгоо хөөж, чоно шиг ульж, дөрвөн хөллөж байгаад тавагнаас хоол үмхэлж иднэ хэмээн дайрах зэргээр жигтэй авирлаж эхэлнэ. Эцэстээ түүний энэ авир даамжирсаар нэгэн зөрчлөөр ээжийнхээ мөрнөөс хазаж, уурандаа гэрээсээ оргочихдог. Макс хүү зугтаж яваад аварга бие, жигтэй төрх бүхий амьтад амьдардаг нэгэн арал нээх болно.

9.Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence, 2001)

600full-a.i.-artificial-intelligence-screenshot

“Хийсэл оюун ухаан” кино төслийг анх суут Стэнли Кубрик 1970 оны эхээр эхлүүлж байжээ. Зарим кино шүүмжлэгчид суут Кубрикийн төслийг Стивен Спилберг бүр завхруулаад хүүхдийн кино болгоод хувиргачихсан байна хэмээн халаглацгаадаг. Гэвч бүтээл болгон хүнтэй адил өөрийн зам мөр, хувь тавилантай. Кубрик өөрөө хийсэн бол хэмээн болзолт төлөв дээр хэчнээн халаглаж, харамслаа ч тус кино төслийг Стивен Спилберг гүйцээж, ингэхдээ олон сая хүүхдийн таашаал, талархлыг хүртэх хувьтай байжээ. Хүн болох хүсэлтэй модон хүү Пиноккиогийн түүхийг шинжлэх ухааны зөгнөлтэй хослуулан шинэчлэн найруулсан сайх кино гарцаагүй энэхүү жагсаалтад нэр төртэйгөөр багтахуйц бүтээл билээ.

10.Терабитиа хүрэх гүүр (Bridge to Terabithia, 2007)

50958_Bridge-Terabithia-2

Жесс Аарон эцэг эх, бяцхан дүүтэйгээ Америкийн нэгэн буйд, жижиг хотод амьдардаг 12 настай, зураач болох хүсэлтэй хүү. Ангийхаа хүүхдүүдэд дээрэлхүүлж, шоглуулах маягтай байдаг тул ангидаа ганц ч найзгүй нэгэн. Төдөлгүй Жессын ангид шинэ охин шилжиж ирснээр тэдний хооронд сэтгэл хөдлөм, сайхан нөхөрлөл бий болно. Гол мөрөн, ой мод бүхий тэгш сайхан байгаль дунд байх буйд хотын уугуул Жесс хүү шинэ найзтайгаа гэрээс нь холгүй байх ганц гүүр даваад л ой модонд дунд байх Терабитиа хэмээх цоо шинэ ертөнцөд хөл тавьчихдаг. Кинонд тун ч санаанд оромгүй эмгэнэлт эргэлт гарах боловч тэрхүү эмгэнэлт явдлаас нийгмийн элдэв ёс зүй, хориг саадад хашигдаагүй төсөөлөл, мөрөөдөл нь чөлөөт, баялаг, тэгсэн хэр нь гэнэн, томоогүй, аливааг тархиндаа бус зүрхэндээ дэндүү ойр хүлээж авдаг хүүхэд насны шижир чанар л, угтаа бол хүүхэд нас нь л Жесс хүүг аврахыг та үзээрэй. ♦

Ж.Тэгшзаяа /Tegshee's movie corner/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД 21 цаг 11 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ 22 цаг 15 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо 22 цаг 20 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя 22 цаг 34 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа 23 цаг 31 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ 23 цаг 36 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов 23 цаг 42 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна 23 цаг 53 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Өчигдөр 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Өчигдөр 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Өчигдөр 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Өчигдөр 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Өчигдөр 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Өчигдөр 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Өчигдөр 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Өчигдөр 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты... Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад э...
Top