Байт харваан спортоор анхлан хичээллэж байгаа тамирчдын дунд зохион байгуулагддаг "Debut Archery Cup" тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин Чанар-Тэсвэрийн талбар 360" талбайд зургадугаар сарын 3-4-ний хооронд болно.
Тус тэмцээн спортын цолгүй, анхлах хичээллэгч нарт зориулагдсанаараа онцлог ба орон нутгийн тамирчид өөрсдийн байгаа бүсээс оролцох боломжтой юм.
Байт харваан "Debut Archery" нэгдлээс Монголын Байт харваан холбоотой хамтран тус спортоор анхлан /2019 оноос хойш/ хичээллэж буй тамирчин, сонирхогчдыг сэдэлжүүлэх, тэмцээний туршлага суулгах, тогтмол амжилттай байх боломж олгох зорилгоор цолгүй тамирчдын дунд "Debut Archery Cup" тэмцээний хоёрдугаар цувралыг гадаа талбайд зохион байгуулах юм.
"Debut Archery Cup" анхдугаар тэмцээний үеэр зохион байгуулагчид "Тус тэмцээн нь байт харвааг сонирхон хичээллэж буй тамирчдад урам зориг өгөх, цаашдын амжилт гаргах суурь нь болоосой гэж найдаж байгаа" гэдгээ дурьдаж байсан бол багш, дасгалжуулагч нар "Шинээр хичээллэж байгаа болон бага залуу тамирчдын дунд “босго оноо” тодорхойлсон ийм төрлийн тэмцээн зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, дэлхийд өрсөлдөх мэргэжлийн тамирчдыг бага наснаас нь бэлдэхэд өндөр ач холбогдолтой" гэдгийг онцолж байсан юм.
Энэхүү тэмцээн нь Байт харваан спортыг сонирхогч хэн бүхэнд нээлттэй бөгөөд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.