Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид энэ сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Харин эмэгтэй тамирчид нөгөөдөр буюу 18-ны өглөө Будапештийг зорино.
Манай эрэгтэй тамирчид түүхэндээ нийт зургаан алт, 20 мөнгө, 30 хүрэл, нийт 56 медалийг эх орондоо авчирсан. Энэ удаагийн ДАШТ-нд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Манай тамирчдаас гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аваргад зодоглохоор болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Г.Мандахнаран долоо, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамрчин П.Өнөрбат зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Г.Наранчимэг, Э.Нарангэрэл тав, ОУХМ Б.Шоовдор дөрөв, Т.Түвшинтулга, Н.Золбоо, Э.Сумъяа, А.Батцэцэг гурав, ОУХМ Ө.Батзул, Э.Даваачимэг хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно.
Харин Т.Тулга, Б.Бямбадорж, Л.Төртогтох, Э.Гантуяа, Х.Болортуяа гэсэн таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаагаа оролцож байна. Монголын бөхчүүддээ Будапештийн дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэн ерөөе.