2023 оны тавдугаар сарын 1-н буюу өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд хээрийн түймэр гарчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 20 орчим айлын гэр, 28 хашаа саравч, гурван машин өртөөд байна.
Энэ талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин "Түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн 200 гаруй алба хаагч 200 гаруй машинтайгаар унтраахаар ажиллаж байна.
Чойбалсан суманд гарсан түймэр Дорнод аймгийн Гурванзагал, Чулуунхороот сумын нутгаар тархжээ.
УОК-ын шийдвэрээр хурандаа н.Нямбаяраар ахлуулсан ГССҮТ-ийн дөрвөн эмч, Хил хамгаалах ерөнхий газрын эрүүл мэндийн албаны даргаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг яг одоо түймрийн голомт руу нисэх гэж байна.
Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа хил хамгаалах байгууллагын найман алба хаагч түлэгдэж, гэмтсэн" гэв.
Харин ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд "Түймэрт өртсөн айл гэрт тусламжийн 25 гэрийг олгохоор болсон. Экологийн цагдаагийн албанаас түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэв.
Хаврын хуурайшилттай үед иргэд аялал болон ажлаар хөдөө орон нутагт зорчихдоо ой хээрийн түймэр гарахаас болгоомжлохыг зөвлөж байна.
Ой хээрийн гал түймрийн аюулаас сэргийлэхийн тулд иргэд, олон нийт асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг анхааруулав.
Сэтгэгдэл (1)