Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй, салхи тогтож түймэр цурманд орж буйг Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар өртсөн бөгөөд одоогоор зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна. Мөн Буйр нуурын баруун эрэг дагуу Булан дэрс орчимд шинээр гараад байсан түймрийг унтраажээ.
Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр, Халхгол суманд үүлэнд зориудаар нөлөөлөх экспедиц өчигдөр ажиллаж эхэлсэн байна. Өнөөдөр өглөөний 07:10 цагийн байдлаар Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байгааг мэдээлэв.
Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20 км-т байрлаж зах хэсэгт дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж орох хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.