Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн паралимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчидтай УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Ганболд нар уулзаж ярилцлаа.
Энэ удаагийн наадамд Монголын баг 40 гаруй тамирчин, 20 гаруй дасгалжуулагч, багш, эмч, менежерүүдийн хамт оролцож байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөх жүдо бөхийн 66 кг-ын жинд А.Мөнхбат хүрэл медаль аваад байна.
УИХ-ын гишүүд Азийн паралимпийн тоглолтын нээлтэд улсаа төлөөлөн оролцож, эмэгтэй суугаа волейбол, сурын харвааны тэмцээнүүдийг үзэж, тамирчдын хотхонд зочилж, баг тамирчдынхаа санал хүсэлтийг сонсож ярилцлаа.
Уулзалтын үеэр паралимпийн тамирчдын цалин хөлс бага, нийгмийн халамжийн зарим асуудал орхигддог, мөн бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй гээд асуудал олон байдаг талаар тамирдчын гаргасан санал хүсэлтийг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх талаар ажиллахаа УИХ-ын гишүүд илэрхийллээ.
Наадмын үеэр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Азийн паралимпийн наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн А, Б ангиллын шагналыг гардуулсан юм.