Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод Залуучуудын зуны спортын олимпийн III их наадам өнгөрсөн бямба гаригт эхэллээ.
“Буэнос-Айрес 2018” Залуучуудын олимпын наадам 32 спортын төрлөөр зохиогдож, 206 орны 4000 гаруй тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаас спортын зургаан төрөлд 11 тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр жүдо бөхийн тамирчин Г.Тэмүүжин мөнгөн медаль хүртлээ.
Г.Тэмүүжин эхний тойрогт хийлж, Колумб, Укрианы бөхчүүдийг цэвэр ялж, аваргын төлөө Беларусын бөх Артём Коласовт ялагджээ. Түүний дасгалжуулагчаар Л.Лувсандэмбэрэл ажилласан байна.
Г.Тэмүүжин 2017 оны Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны Азийн өсвөрийн аварга шалгаруулах цомын тэмцээнээс алтан медаль хүртэж, залуучуудын олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авсан юм.
Энэ медаль Залуучуудын олимпоос хүртэж буй Монголын багийн дөрөв дэх, жүдо бөхийн төрлийн анхны медаль аж. Өмнө нь Сингапурт болсон анхдугаар олимпийн эхний медалийг чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, дараа нь гимнастикийн тамирчин Г.Эрдэнэболд нар алт, Нанжины хоёрдугаар олимпод чөлөөт бөхийн төрөлд Б.Дөлгөөн мөнгөн медаль хүртэж байсан юм.