Мөсөн өргөө буюу “Steppe arena”-д ирэх тавдугаар сард “Ice show” зохион байгуулахаар төлөвлөжээ.
2022 оны есдүгээр сард ОХУ-ын талд хамтран зохион байгуулах хүсэлтийг манай улсаас анх тавьсан аж. Тус хүсэлтийн дагуу Бээжин-2022 өвлийн олимпын уран гулгалтын төрөлд олныг алмайруулаад байсан ОХУ-ын тамирчин Камила Валиева оролцохоор болсон гэдгийг Мөсөн өргөөгийн маркетингийн албанаас мэдээллээ.
Камила Валиевагийн хувьд өвлийн олимпын үеэс эхэлж допин хэрэглэсэн гэх мэдээлэл тархсан билээ. Иймд ирэх тавдугаар сараас өмнө тус асуудал шийдэгдвэл ОХУ-ын талаас татгалзах ямар ч үндэслэлгүй хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн, “Ice show”-д ОХУ-ын тив, дэлхийд нэрээ данслуулсан тамирчид оролцох юм. Тус шоуг эрэгтэй, эмэгтэй, масс багийн төрөл зэргээр зохион байгуулахаар болсон байна.
Мөн тухайн шоуг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Мөсөн өргөөгийн талбайг шинэчилж байгаа аж.