Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх тамирчин Ш.Энхийн-Одын түүхийг бодитоор харуулсан баримтат киног Спортын SPS телевиз бүтээжээ.
Энэ талаар Ш.Энхийн-Од өөрийн цахим хуудаснаа "Киногоо сая үзлээ. Инээлээ, огшлоо, уйллаа. Ямартай ч зөндөө хүүхдүүдэд урам зориг өгөх гоё кино хийж өгсөн ах, эгч нартаа баярлалаа" хэмээн бичжээ.
Энэхүү баримтат кино нь Монголын анхны спортын баримтад 16 ангитай кино гэдгээрээ онцлог юм. Тус цуврал кино SPS телевизээр өнөөдөр гарах бөгөөд тайлбарлагч Б.Ялалт ерөнхий продюсероор ажилласан байна.
Кино багийнхан Ш.Энхийн-Одын цаашдын сагсан бөмбөгийн карьер төдийгүй NBA Draft-д ихээхэн түлхэц болж монгол болон Ази хүүхдүүдэд урам зориг өгөх бүтээл болсон хэмээн онцлов. Ш.Энхийн-Одын хувьд Дэйтон их сургуулийг сонгож монголчуудын дундаас анхдагч болж, NCAA-н нэгдүгээр дивизионы дээд сургуулиас тэтгэлгийн санал авч байсан түүхэн үйл явдлын эзэн.
Мөн түүний баг улирал эхэлснээс хойш гурван хожил, гурван хожигдол авсан байна. Мэдээж Ш.Энхийн-Од ихэнх тоглолтод гараанд гарч чамлахааргүй амжилт үзүүлснээрээ Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч хэмээн нэрлэгдэж байна.