Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсон талаар мэдээлж байсан билээ.
Ёкозүна Харүмафүжигийн зодог тайлах ёслол өчигдөр Токио хотын Кокүгикан ордонд болж өнгөрлөө. Сүмо бөхийн бэлгэ тэмдэг болсон ооичёо үс авах ёслолд их аварга Асашёорюү, Хакүхо, ёкозүна Какүрюү, Кисэносато нарын нийт 400 хүн оролцож, үсэнд нь хайч хүргэсэн байна.
Хамгийн сүүлд Исэгахама ояката үсийг нь авсны дараа Харүмафүжи дохёгоо үнсэн, 17 жил зүтгэсэн сүмо бөхийн амьдралтайгаа салах ёслол гүйцэтгэлээ.
Түүнийг хамгийн сүүлд ёкозүнагийн дохёнд гарах ёслол гүйцэтгэхэд Хакүхо, Какүрюү нар хамт хийж, Монголын 3 аваргын хамтарсан дохёоириг сүмо сонирхогчид харлаа. Харүмафүжи “Хоёр дахь амьдрал минь эхэлж байгаа болохоор уйлж, нулимсаа харуулж болохгүй. Хоёр ёкозүнатай хамт дохёоири хийгээд маш их нэр төрийн хэрэг байлаа” гэжээ.
Ёкозүна Бямбадорж дэлхий тойрон аялаж, европын орнууд, Ази, Энэтхэг гээд л эртний түүхтэй орнуудад очиж үзэх хүсэлтэй байгаа талаараа сэтгүүлч нарт яриа өгөхдөө хэлжээ.
Харүмафүжи Даваанямын Бямбадорж 1984 оны дөрөвдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Түүний аав үндэсний бөхийн улсын заан Р.Давааням юм.
Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын тав дахь, Монголын гурав дахь ёкозүна, Монгол Улсын Гавьяат Тамирчин.
Харүмафүжи 2001 оноос мэргэжлийн сүмод барилдаж, 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй нэрээр барилдаж байв. Тэрбээр 2009 оны зургаадугаар сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Монгол Улсын Гавьяат Тамирчин цол хүртжээ.
2011 оны долоодугаар сард Харүмафүжи Д.Бямбадорж 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, ёкозүна цолд хүрсэн юм.