Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30 буюу энэ ням гаригт болно.
Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн, 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Исэгахама дэвжээний бөх. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. 2009 оны 5 сарын башод Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн. 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цол хүртсэн.
Түүний багш Исэгахама Ояката бол мэргэжлийн сүмогийн 63 дахь их аварга Асахифүжи юм.
Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлахаа мэдэгснээсээ хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, "Шинэ Монгол-2" сургуулийг Яармагт барьж байгуулан энэ оны есдүгээр сарын 1-нд нээсэн билээ.
Мөн Харүмафүжи Д.Бямбадорж зураг зурах авъяастай бөгөөд үүнийгээ хөгжүүлэн Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм.