Үндэсний бөхийн намрын улирлын нээлтийн барилдааны тов гарлаа. Тодруулбал, энэ сарын 29-нд буюу ирэх бямба гаригийн 14.00 цагаас улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Мөн есдүгээр сарын 30-ны 14.00 цагаас аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болно. Үндэсний бөхийн хоёр холбооны хооронд үүссэн маргааны улмаас олон сар хаалттай байсан Монгол бөхийн өргөөнд энэ намрын заалны барилдаан эхлэхээр болсон нь энэ аж.
Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрсэн тул Монгол Усын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүстэй уулзаж, дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх сануулга хүргүүлсэн. Гэвч маргаан үргэлжилсээр байсан тул энэ сарын 6-нд Ерөнхийлөгч Засгийн газарт хандан Монгол Бөхийн өргөөг төрийн өмчид авах санал хүргээлээд байгаа билээ.