Японы сүмо бөхийн намрын барилдаан явагдаж өндөрлөлөө. Ёкозуна Хакухо намрын барилдааны 14 дэх өдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоон сүмо бөхийн намрын тэмцээний ялагч нь боллоо. Өдгөө 33 настай Хакүхо бүтэн жилийн турш гэмтлийн улмаас сайн барилдаж чадаагүй ч эцэст нь Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1,000 дахь ялалтаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо.
Дээд зиндаанд түрүүлсэн тоогоор Хакухогийн ард 32 түрүүтэй Тайхо их аварга жагсаж байгаа бол дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан дараачийн бөх нь 2011 онд зодог тайлсан, 879 ялалттай озеки Кайо болж байгаа юм.
Хакухо Даваажаргал: -“Нас явахын хэрээр миний гэмтэж бэртэх нь амархан болоод байгаа. Тийм учраас би энэ түрүүг авахдаа ингэж их удлаа. Энэ түрүү миний хувьд их үнэ цэнэтэй юм” гэжээ.
Хакүхо аварга дээд зиндаанд 1000-аас дээш даваа авсан анхны бөх болж байгаа билээ. Тэрбээр 2001 оноос хойш мэргэжлийн сүмо бөхөд 1095 ялалт байгуулж, 2004 оноос Хакүхо аварга дээд зиндаанд 1001 ялж, 180 удаа ялагдсан. Хэрвээ тэр энэ үзүүлэлтээ хадгалаад сүмогоо орхивол дээд зиндаанд ялалт, ялагдлын харьцаа хамгийн өндөр хувьтай сүмоч болох юм.
Сэтгэгдэл (1)