Азербайжаны нийслэл Баку хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д Украины залуу од Дарья Билодид бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялсаар дэлхийн аварга цол хүртлээ.
Тэрбээр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Аргентинийн Паула Паретог, алтын төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга Фүна Тонакиг ялснаар 17 насандаа дэлхийн аварга болж, шинэ амжилт тогтоолоо. Харин энэ жинд хүрэл медалийг Казахстаны Г.Отгонцэцэг, Аргентинийн Паула Парето нар хүртсэн.
Дарья Билодид 17 насандаа насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн анхны жүдоч боллоо. Түүнээс өмнө хамгийн залуу дэлхийн аваргаар 18 нас, 27 хоногтой Японы Рёко Тани-Тамүра нэрлэгдэж байсан юм. Сонирхуулахад, эрэгтэй хамгийн залуу дэлхийн аварга бол Францын Тэдди Ринер. Тэрбээр 18 нас, 159 хоногтой байхдаа энэ цолыг хүртсэн түүхтэй.
Ийнхүү Д.Билодид жүдогийн эх орон япон бөхчүүдэд ялагдаж үзээгүй гэсэн бардам амжилтаа үргэлжлүүлж байна. Түүнчлэн өнгөрсөн жилийн ДАШТ-д Казахстаны Г.Отгонцэцэгт ялагдсанаас хойш оролцсон бүх тэмцээндээ түрүүлж, нийт 30 дараалан ялалт байгуулжээ.
Д.Билодидын төрсөн аав Женнади Билодид ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга жудоч юм.
koo.mn