Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ийн барилдаанд манай тамирчдаас Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзэн, дэлхийн аваргын 48 кг-ийн чансааг тэргүүлж, А хэсгийг толгойлж барилдсан юм.
Мөн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин оролцлоо. Б.Амартүвшин дэлхийн чансааны 38-д эрэмбэлэгдэж байгаа тамирчин юм. Энэ жил анх удаа том тэмцээнд зодоглож буй Б.Амартүвшин эхний тойрогт нутгийн бөх Орхан Сафаровтой учраа таарч иппон үнэлгээгээр ялагдлаа.
Харин МУГТ М.Уранцэцэг хагас шигшээд харамсалтайгаар ялагдаж нутаг нэгт жудочин Олимпийн хүрэл медальт Казакстаны тамирчин Г.Отгонцэцэгтэй хүрэл медалийн төлөө хүч сорилоо. Хоёр бөх маань энэ тэнцүү өрсөлдөж нэмэлт цаг сунган барилдсаны эцэст Казакстаны тамирчин Г.Отгонцэцэг МУГТ М.Уранцэцэгийг иппон үнэлгээгээр ялж Дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо.
Б.Туяа