Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.
Энэ талаар Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, МБФХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, бодибилдинг фитнессийн Олон улсын шүүгч Ч.Ганзориг ирээдүйн мистер тэмцээнд оролцож амжилтын гараагаа эхэлсэн Олон улсын хэмжээний мастер, дэлхийн гурван удаагийн аварга, Ази тивийн хошой аварга Г.Угалзцэцэг, ОУХМ, Ази тивийн аваргын хошой хүрэл медальт, ДАШТ-ий мөнгөн медальт Г.Жамц, Ази, ДАШТ-ий хүрэл медальт тамирчин М.Мөнх-Од нар мэдэгдэл хийв.
Уг тэмцээний зорилго нь залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгоход оршиж байна.
Тус тэмцээнийг 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн билээ.
“Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай бөгөөд жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө.
Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 29-нд Нийслэлийн иргэний танхимд болно.