Монголын Байт Харваан холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён Зафер Атештай уулзаж Монголын байт харваа, Туркийн байт харвааны холбооны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах төслөө танилцууллаа.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл монгол улс олон улсын тэмцээн уралдаан авах бүрэн боломжтой болж, цаашид монгол харваачдын чансааг ахиулахад тодорхой хувь нэмэр үзүүлэх юм.
Дашрамд дурьдахад, Дэлхийн байт хаврааны Холбооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн ноён Өгүр Эрдэнэр нь Турк хүн бөгөөд улсынхаа Олимпын хорооны даргаар ажилладаг.
МБХХ-ны зүгээс жил бүр Монгол Улсад өндөр зэрэглэлийн тэмцээн хамтран зохион байгуулах санал гаргаж, төслөө танилцуулсан байна. Улмаар Туркийн Байт харвааны Холбоо болон Монгол улсын спорт хариуцсан холбогдох төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр бодит ажил хэрэг болно гэж үзэж байгаагаа тус холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд хэллээ.
Мөн тэрээр уг санаачилгыг идэвхтэй дэмжиж тусалж буй Туркт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч ноён Бакейн Аскардад онцгойлон талархал илэрхийлсэн юм.